МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Б.Баттөмөр: Төрийн зохицуулалт, дэмжлэг бүх салбарт хэрэгтэй байна
2020.05.27
Эдийн засаг, Худалдаа

Б.Баттөмөр: Төрийн зохицуулалт, дэмжлэг бүх салбарт хэрэгтэй байна

УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй ярилцлаа.

-Та саяхан “Төрийн зохицуулалт” нэртэй ном бичиж хэвлүүлжээ. Монгол Улс зах зээлийн нийгмийн тогтолцоонд шилжсэнээс хойш төрийн зохицуулалт гэсэн үг хэллэгийг хэрэглэх нь нэн ховордсон үед ийм ном бичсэн тань сонирхол татлаа. Энэ талаар яриагаа эхэлье?

-Би судлаач хүний хувьд олон жил  нийгмийн байгууллууд дахь төрийн үүрэг, удирдлага, оролцоо, зохицуулалтын тухай харьцуулан судалж,  эргэцүүлэн бодож явсны эцэст энэ номыг бичье гэж шийдсэн юм. Төрийн зохицуулалтын талаар дэлгэрүүлж ярихад их том сэдэв юм. Хамгийн түрүүнд төрийн зохицуулалтыг тайлбарлахын тулд төрийн  тухай ойлголтыг авч үзэх зайлшгүй шаардлага гарч ирнэ.

-Тэгэхээр яана гэсэн үг вэ?

-Төрийн тухай асуудлаар шинжлэх ухааны онолын том сэтгэгч нар зохиол бүтээлээ туурвиж, төрийн мөн чанар, үүрэг, ач холбогдлыг янз бүрээр тодорхойлсон байдаг юм билээ. Тухайлбал, И.Кант “Төр бол эрх зүйт хуулинд захирагдсан хүмүүсийн нэгдэл” гэсэн тодорхойлолтыг анх өгсөн бол, Ф.Энгельс “Гэр бүл, хувийн өмч, төрийн үүсэл” бүтээлээ бичсэн байдаг. 

Хүн ам, нутаг дэвсгэр, нийтлэг эрх мэдэл гэсэн гурван үндсэн шинжээр төрийг тодорхойлох хандлага өдгөө төр, эрх зүйн шинжлэх ухааны гол номлол болж байна. Оюун ухаант хүн төрөлхтний оршин байх арга болсон нийгмийн зохион байгуулалт нь өөрөө төрийн байгууламж, манлайлал, удирдлага, зохицуулалтын зайлшгүй хэрэгцээг бий болгосон байна. Харамсалтай нь, сүүлийн 30 жилд манай нийгмийн сэтгэлгээнд тогтсон зах зээлийн нийгмийн харилцааг эрэлт-нийлүүлэлтийн тэнцвэр буюу “хар гар” зохицуулж байдаг гэсэн өрөөсгөл, бүдүүн тойм ойлголтоор төр хамгийн муу менежер, аливаа асуудалд төр оролцох ёсгүй, төр өмчгүй байх ёстой, бузар бүхэн төрөөс болж байгаа мэтээр дайрч, төрийн нэр хүнд, зохицуулалтын үүрэг, ач холбогдлыг доройтуулсаар ирсэн юм.

Энэ сэтгэлгээний гажуудсан хандлагад хариу болгон төрийн зохицуулалтын үүрэг, мөн чанар, төрийн зохицуулалт яагаад, ямар үед хэрэгтэй болдог, ямар арга хэрэгслээр дамжуулан түүнийг хэрэгжүүлдэг тухай, чөлөөт зах зээлд төрийн зохицуулалтыг хэрхэн ашиглах боломжийг би энэ номондоо тайлбарлаж, олон түмэнд хүргэхийг хичээсэн юм. Ядуурал, ажилгүйдэл, орлогын шударга бус хуваарилалт,  нийгмийн тэгш бус байдал зэрэг нийгэм, эдийн засгийн олон хурц асуудлыг зах зээлийн урсгал байдалд найдаж орхивол засаж болшгүй үр дагаварт хүргэдгийг нэн буурай олон орны туршлага нотолж байна. Нийгмийн амьдралд гүйцэтгэх “төрийн зохицуулалт”-ын үүрэг нь заяагдмал, зүй тогтолт үзэгдэл юм. 

-Манай ард түмэн хоёр том нийгмийн байгууллыг дамжин амьдарч байна. Улааныг харж урваж, шарыг харж шарваагүй нь  сайн сайхан амьдрах гэсэн л эрмэлзлэл байх. Энэ талаар таны номонд орсон юм уу?

-Монголчуудын олон үеийн түүх, уламжлал бол бидний өв соёл мөн. Энэ бүхэнд бид хүндэтгэлтэй хандаж, зөвхөн өөрийн гэлтгүй бусад ард түмний түүх, бүтээлч сэтгэлгээний өвд авах, гээхийн ухаанаар бодитой хандах ёстой. Ингэж чадвал бид илүү хол  алхах болно. Хүн төрөлхтнөөс төрсөн онолын том сэтгэгчид нийгмийг үзэх үзлийн иж бүрэн сургааль  тунхагласны дотроос хөгжлийн эсрэг, тэсрэг үзэл болох Лебирализм болон Марксизм нь сүүлийн 200 жилийн турш улс төрийн онолын маргааныг дагуулсан. Марксизмын үзэлд суурилсан нийгмийн тогтолцооны үед төвлөн удирдах, ардчилсан зарчим үйлчилж, төрийн удирдах, зохицуулах үүрэг онцгой өндөр байдаг. Харин Лебирал үзэлд суурилсан нийгмийн байгуулалд төрийн оролцоог аль болох бага байлгах зарчим баримталдаг байна.

Адам Смит бүх нийтээр баялагтай болж, сайн сайхан амьдрах нөхцөл нь хүн бүрт аж ахуй эрхлэх эдийн засгийн эрх чөлөөг олго,  бизнесийн салбарт өрсөлдөөнийг бий болгох замаар их баялаг бий болгохын төлөө уралдуул, ард иргэдийн хэрэглээг өөгшүүлэх замаар зах зээлийг нь бүрдүүл гэсэн гурван гол зарчмыг тодорхойлсон нь өнөөгийн лебирал үзэл, “капитал” эрхэм дээд үнэт зүйл нь болсон нийгмийн тогтолцооны тулгын чулуу болсон учиртай. Гэвч Лебирал үзэл, хувийн өмчид тулгуурласан капиталист нийгмийн тогтолцоо нь нийгмийн тэгш бус байдлыг өдөөж, баян хоосны ялгааг улам нэмэгдүүлж, чадалтай нь ядарснаа боолчилдог, нийгмийн хямрал, мөргөлдөөнийг байнга дагуулдаг, тогтвортой бус тогтолцоо хэмээн Карл Маркс тэргүүтнүүд шүүмжлэн, бүх өмчийг  төрийн мэдэлд төвлөрүүлэх замаар бүх нийтийн тэгш,  шудрага нөхцөлийг хангасан коммунист байгууллын загварыг бүтээж болно гэж үзжээ. Энэ хоёр ялгаатай үзэлд тулгуурласан нийгмийн байгуулалын замыг монголчууд бид туулж эерэг, сөрөг талыг нь бие, сэтгэлээр мэдэрсэн үндэстэн.

-Манай Улс зах зээлийн нийгмийн тогтолцоонд шилжээд 30-аад жилийг өнгөрөөж байгаа ч өр зээл, ядуурал, ажилгүйдэл, үндэсний чадамжгүй эдийн засаг, нийгмийн тулгамдсан олон асуудал үүссэн байна. Энэ бүхнийг хараад өмнөх үеийн болж өв соёлоо дурсах хандлага ажиглагдах боллоо. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Аль ч нийгмийн байгууллын үзэл, онол баримталдаг бай, ямар ч улс төрийн дэглэмтэй байсан улс орны нийгэм, эдийн засгийн амьдралыг төрийн зохицуулалтгүйгээр авч явах нь боломжгүй болох нь орчин үед улам тодорхой болж байна. Тэр байтугай лебарал үзлийн эх орон болсон өрнөдийн өндөр хөгжилтэй улс чөлөөт зах зээл, чөлөөт худалдаа, төрийн бага оролцоо, нээлттэй нийгэм, ардчилал, хүний эрхийг тунхаглах боловч үндэсний эрх ашгаа хамгаалахын цагт дээд зэргийн, хатуу төрийн зохицуулалтыг ашиглаж байгаа нь орчин үед явуулж байгаа гадаад, дотоод бодлого, үйл ажиллагаанд нь  улам тодорхой харагдах боллоо.

Ийм нөхцөлд монголчууд бид гаднын үзэл, онол, шашин, соёлыг хуулбарлан шүтдэг олон зуун жилийн дадлаасаа татгалзаж, хүн төрөлхтний өв соёлыг, өөрийн нөхцөл, уламжлал, бодит байдалтайгаа бүтээлчээр хослуулж, амьдралын Монгол философио бүтээх цаг болсон гэж би үздэг юм. Ингэж чадвал ард түмний урам зориг сэргэж, эх орон, түүх уламжлалынхаа эзэн байх ухамсар, хариуцлага дээшлэх болно. Энэ сэтгэлийн дуудлагаар төрөө дээдлэх уламжлалтай монголчууддаа зориулж төрийн зохицуулатын онол, арга зүй, төрийн зохицуулалтын арга хэрэгсэл, төрийн зохицуулалтын хэрэгцээ шаардлагыг тусгасан номоо  бичсэн юм.

Миний номонд төрийн өвөрмөц зохицуулалтаар хэрэгжүүлэх ёстой бодлого, арга хэмжээ, нийгэм, эдийн засгийн салбарууд,  хэм хэмжээ, оролцооны түвшинг тодорхойлж, төрийн зохицуулалтыг хэрэгжүүлдэг зарим гадаад орнуудын туршлагыг багтаасан. Ингэхдээ эдийн засаг, зах зээл,  төсөв, татварын бодлого, мөнгө, зээл, өрийн бодлого дахь төрийн зохицуулалт, хямралын нөхцөл, гадаад худалдаа, үнэ, хөдөлмөрийн зах зээлийг төрөөс зохицуулах арга хэлбэрийн талаар дэлгэрэнгүй тайлбарласан.

-Тухайлбал, манайд гадаадын хөрөнгө оруулалт их орж ирдэг ч зарцуулалт нь хангалтгүй байх тохиолдол түгээмэл. Шалтгаан нь юу юм бол? 

-Гадаадын  хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан,  инновац, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд төрийн зохицуулалт, дэмжлэг зайлшгүй шаардлагатай. Таны асуултандаа дурьдсанаар судалгаа шинжилгээ, тоо баримтаар батлагдаж байгаа нийгэмд бугшсан олон хурц асуудлын цар хүрээ улам даамжирч,  улс орны хувь заяаны асуудал хэт задгай, систем  зохион байгуулалтгүй болсон нь төрийн зохицуулалт дутагдсаны нотолгоо мөн. Валютын сан зэрэг олон улсын байгууллагын дүгнэж байгаагаар өнгөрсөн 28 жилийн төрийн бодлогын үр дүн нь гурван Монгол хүний нэг нь ядуурлын ангилалд багтсан, улсын нийт гадаад өр жилийн  ДНБ-ий 242 хувьтай тэнцэж, гадаад цэвэр зээлийн хэмжээ олон улсын дундаж зохистой хэмжээнээс тав дахин өндөр болсон, Засгийн газрын гадаад өрийн зөвхөн хүүгийн төлбөрт жилд нэг их наяд төгрөг төлж, амьдралын эрхээр олон зуун мянган иргэд гадаадад цагаачилсан, төсвийн алдагдал нь хоёр их наяд төгрөгт хүрсэн, өрсөлдөх чадвараар олон улсын түвшинд сүүл мушгих болсон, гадныхантай үгсэн хуйвалдсан  цөөн хүмүүс эх орны байгалийн баялаг, ашигт малтмалын 7000 лицензийг эзэмшиж, дамлан зардаг сүлжээ тогтсон, орлогын тэгш бус хуваарилалт, баян хоосны ялгаа газар авсан  байдлаас харагдаж байна.

Эдийн засгийн голлох салбар болсон бэлчээрийн мал аж ахуй нь ажиллах хүчний хомсдолтой өрхийн үйлдвэрлэлд тулгуурлаж, байгалиас хараат, түүхий эдийн солилцооны дундад зууны уламжлалт хэлбэрээсээ салаагүй, уул уурхайн салбар нь байгалийн нөөцийг ухаж зарахаас цаашгүй, улс төр нь эрх тушаалыг мөнгө олох хэрэгсэл болгодог бүлэглэлийн  эрх ашигт үйлчилсэн  дүр зурагтай байна. Монгол Улсын жилд хийж байгаа нийт экспортын 80 орчим хувийг эрдэс баялгийн бүтээгдэхүүн эзэлж үүний 90 хувь нь зөвхөн БНХАУ-д нийлүүлэгдэж байгаа нь ганц орны зах зээлээс хамааралтай туйлын эмзэг бүтэц бүхий эдийн засагтай болсныг харуулж байна. Газар нутгийн 70 хувьд цөлжилт нүүрэлсэн,  нийгмийн хүрээний олон хурц асуудалд ээрэгдэж, урьд өмнө байгаагүй гэмт хэрэг, зөрчил, хар тамхи, архидалт зэрэг ёс бус үйлдэл газар авч, Монгол Улс өөрөө өөрийгөө тэтгээд явж чадахгүй, нийгэм, эдийн засгийн хөдөлгүүр нь байнга доголдож, байсхийгээд л “сэхээний тасаг”-т хэвтэж ирсний нотолгоо бол 1990 оноос хойш валютын сангийн хөтөлбөрт зургаан удаа хамрагдаж, төрийн удирдлага, эрх мэдлээ арга буюу гадны эрхшээлд атгуулж ирсэн гажуудлыг төрийн зөв бодлого, зохицуулалтаар засах шаардлага үүсээд байна.

-Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль, урт хугацааны бодлогын баримт бичгийг УИХ саяхан батлан гаргасан нь төрийн зохицуулалтад ач холбогдол өгч байгаагийн илрэл мөн юм биш үү?

-Улс орон хөгжлийн асуудлаа төлөвлөлтийн үндсэн дээр шийдэж байгаа нь гарцаагүй төрийн зохицуулалтын хэлбэр мөн. Төлөвлөлт бол төрийн удирдлага-зохицуулалтын чухал хэрэгсэл. Япон, Өмнөд Солонгос, Сингапур, Малайз, Хятадаас эхлээд хөгжсөн орон бүр өөртөө тохирсон төлөвлөлтийн тогтолцоо, арга хэрэгсэлтэй байна. Харамсалтай нь, эдийн засаг, нийгмийн амьдралаа төлөвлөхийг социализмын хоцрогдсон зүйл мэтээр үл тоож явснаас бид хөгжлийн ихээхэн боломжоо алдсан гэж үзэж болно.

Монгол Улс зах зээлийн нийгмийн харилцаанд шилжиж эхэлсэн 1990 оноос хойш хөгжлийн асуудлаар төрөөс баримтлах тооцоо судалгаа муутай, яам салбар болгон мөр, мөрөө хөөсөн шинжтэй 570 шахам, үүний дотор урт хугацаанд баримтлах дөрвөн удаагийн баримт бичиг батлан мөрдүүлсэн боловч  хэрэгжүүлж, үр дүнг тооцдоггүй, урсгалаар хөвж ирсэн нь өнөөдөр нийгэмд олон хурц асуудал хуримтлагдах үндэс болсон гэж үзэж байна. Энэ бүхэнд дүгнэлт хийж миний бие УИХ-ын хэсэг гишүүдийн хамт Хөгжлийн бодлого, төлөвлөлт түүний удирдлагын тухай хуулийг санаачлан батлуулсан нь улс орны хөгжлийн талаар төрөөс баримтлах бодлогын залгамж чанар, тогтвортой байдлыг хангах, хэрэгжилтийн үр дүн хариуцлагыг бэхжүүлэхэд эрх зүйн чухал шинэчлэл болсон гэж үзэж байна. 

-Ийм эрх зүйн орчин бүрдэж байгаатай холбоотой “Алсын хараа-2050” хөтөлбөрийг УИХ хаврын чуулганаараа баталсан биз дээ?

-Тийм. Хууль эрх зүйн орчин бүрдэж, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтолцоо бүрдэж байгаатай  холбогдуулан Засгийн газраас боловсруулж, өргөн барьсан  “ Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг УИХ-ын хаврын чуулганаар баталсан нь улс орны хөгжлийн нэгдмэл, цогц байдлыг хангах чухал хүчин зүйл боллоо.

ШИНЭ МЭДЭЭ