МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцлаа
2020.05.28
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцлаа

Засгийн газрын 2018 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн хуралдаанаар Төв цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлэх, усгүйжүүлэх, хатаах, шатаах технологи бүхий тоног төхөөрөмжийг суурилуулах ажлыг 3 жилийн хугацаанд хийж дуусгахаар төлөвлөсний хүрээнд өнөөдөр бид лагийг цэвэрлэж үнэргүйжүүлэх технологи, шинээр баригдаж байгаа цэвэрлэх байгууламжийн ажлын явцтай газар дээр нь танилцлаа.

Ахуй болон үйлдвэрлэлийн хэрэглээнээс гарсан бохир усыг аюулгүй цуглуулахаас эхлээд зайлуулах хүртэл ариутгах татуургын сүлжээний бүхий л үйл ажиллагаанд  эрсдэлийн үнэлгээ хийж, сайжруулах арга хэмжээг зохион байгуулах нь  үйлчилгээ үзүүлэгчдэд төдийгүй өртөж буй ард иргэдийн маань эрүүл мэндийн эрсдэлийг  багасгахад нь хамгийн чухал асуудал хэмээн юм.

Цэвэрлэх байгууламжийн ойролцоо амьдардаг хүмүүсийг алслагдсан зайд амьдардаг хүн амтай харьцуулахад мэдрэлийн гаралтай өвчин 4 дахин, харшил 1 дахин, үе мөч, ясны өвчлөл 1.5 дахин их байгааг гадаад оронд хийгдсэн судалгаагаар тогтоосон байдаг.

Түүнчлэн дэлхий нийтээр гамшгийн хэмжээнд хүрээд байгаа COVID-19 цар тахлын үүсгэгч ариутгах татуурга болон бохирын шугамаар дамжин халдварласан гэсэн нотолгоо одоогоор байхгүй ч үүсгэгч өтгөнд байж болох ба өтгөн мөрийн замаар халдвар үүсгэдэг гэсэн зарим судалгааны дүнгүүд байна. Тийм ч учраас цар тахлын үед эрүүл мэндийн байгууллагуудад өвчтөний ялгадсыг биологийн аюултай хог хаягдал хэмээн үзэж халдваргүйтгэл хийж, дараа нь ариутгах татуургын сүлжээнд нийлүүлж байна.

Эрүүл мэндийн талаас хамгийн гол шалгуур бол тааламжгүй үнэрийн ялгарлыг багасгах нь манай орны төдийгүй дэлхий нийтэд цэвэрлэх байгууламжийн үйлчилгээний хамгийн том тулгамдсан асуудал болсоор байна.

Улаанбаатар хотын Хан уул дүүргийн 12, 13-р хорооны нутаг дэвсгэр, “Биокомбинат, Шувуун фабрик орчмын 13 мянга гаруй иргэдийн эрх ашиг зөрчигдөж байна. Цэвэрлэх байгууламжийн үнэр нь зөвхөн лагаас гардаггүй. Нийслэлийн үйлдвэрүүдээс химийн бодистой ус ирдэгээс урвалд орж лагийн үнэрийг улам нэмэгдүүлдэг.

Цэвэрлэх байгууламжийн лагийн үнэрээс гадна Морингийн хогийн цэг,шаталтаас үүсэх хорт утаа, Шувуун фабрикийн шувууны өд, сөд, сангасны үнэр, малчдын малын өтөг, бууцны бохирдол, дээрээс нь олон арван карьер, тэдгээрээс элс, хайрга зөөх том оврын ачааны машинуудын тоосонд эрүүл мэндээрээ хохирч буй иргэд олон байна.

Дэд бүтцийн өөрчлөлт, шинэчлэлттэй зэрэгцээд нэн даруй хэрэгжүүлж болох хүн амын эрүүл мэндийг хамгаалахад хамгийн гол нь эрүүл ахуйн шаардлага хангасан, аюулгүй ариун цэврийн байгууламжийг барьж, ашиглах явдал юм.

ШИНЭ МЭДЭЭ