МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Чагнууртай сэтгүүлч
2020.06.08
Улстөр

Чагнууртай сэтгүүлч

Эх сурвалж, Үндэсний шуудан, сэтгүүлч М.Мөнхтунгалаг

Шөнө, өдөргүй сонгуулийн сурталчилгааны зурагт хуудас тараах багийнхан хаалга нүдэж, өөрийн тухай намтар, мөрөөдлөө “шахаж” байгаа энэ өдрүүдэд сонгуульд өрсөлдөж, тойргоо тодруулчихсан ч биеэ магтаж, дэгээ зөрчөөгүй ганц хүн байгаа нь тэр юм. “Монголчууд ардчилалд шилжлээ” гэх үеэс л эрүүл мэндийн салбарын нуруун дээр мордоцгоосон “Гийнгоо”-ч олон. Зөвхөн 1990 оноос тоолбол, П.Нямдаваа, Л.Зориг, Ш.Батбаяр, С.Сонин, Т.Ганди, Л.Гүндалай, Д.Туяа, С.Ламбаа, Н.Хүрэлбаатар, Н.Удвал, Г.Шийлэгдамба, Ц.Оюунбаатар, А.Цогцэцэг, Д.Сарангэрэл гэгдэнэ.

Хүн ардын эрүүлийг хамгаалах их үйлсэд дээрх бодлого зохицуулагчдаас халуун сэтгэл, холч ухаан, эрсдэл тооцох чадвар, эмч, сувилагчдаа нэгдсэн зохион байгуулалтад оруулах самбаачлагаараа мөн л тэр бусдаасаа илүүрхэв. Мэргэжлийн бус гэгдэж, “Мэдээллийн сувгаас эрүүл мэндийн салбар өөр шүү” гэх басамжлалд хүлүүлж байв. Энэ мэт хэл ам түүнийг ажлаа авсны дараа нэг хэсэгтээ л тасраагүйг санаж байна.

“Овсгоотой юм аа, одоо энэ салбар элгээрээ мөлхөх нь ээ”, “Сэтгүүлчдийн гарт чагнуур биш үзэг нь байх ёстой биз дээ”, “Цагаан нөмрөгтнүүдийн төлөөлөл төрд байхгүйн гай” гэх мэтээр дайрсан, давшилсан утгатай яриа чих дэлсээд л байж билээ. Энэ бүхнийг тэр ер тоогоогүй байх гэж санадаг юм, би. Учир нь тэрбээр, “Хийх л хэрэгтэй. Ажилд дадлага, ачаанд татлага гэж үг бий. Тиймээс шүүмжлэл, магтаал хоёрын туухайг нуруундаа эн тэнцүүхэн үүрээд явна даа” хэмээн зөөлөн зөөлөн инээмсэглэж зогссон сон.                           

Түүнтэй би ажлаа аваад удаагүй байхад нь багахан хоромд таарч, ажил байдалтайгаа танилцаж байх үест нь хамт байсан. Өнөөх л ягаан хүрэм, цэцэгт алчуураа хүзүүндээ цэвэрхэн гэгч нь зангидчихсан, үсээ гоёмсог ороочихсон байж билээ. Түүнийг салбарынхантайгаа дөнгөж л танилцаж байх үед эмч нар цалингаа нэмүүлэх хэд хэдэн удаагийн шаардлагыг Үйлдвэрчний эвлэлээрээ дамжуулан дайгаад, асуудал, бэрхшээл, тавьж буй шаардлагыг нь 14 хоногт шийдэхгүй бол жагсана, тэмцэнэ, өлсөнө, суулт хийнэ гэх мэтээр тэмцлийн олон талт арга, ажиллагаанд шилжихээ илэрхийлж байсан үе.

Даваажанцангийн Сарангэрэл ахайтан бол удирдах, чиглүүлэх, манлайлах чадвартай, Монголын төрийн “Сэцэн хатан” гарцаагүй мөн. Чагнууртай сэтгүүлчийн гарт үзэг өгвөл тэр мэдрэхүй, сэрхүйг нээгдтэл бичнэ. Чагнуур атгуулбал, цагаан нөмрөгтөнг мандтал зүтгэнэ. Түүнд хаана, ямар орон зай, эрх мэдэл, хийж бүтээх боломж олгоно, тэр тэндээ бусдыг дагуулж гэрэлтдэг. 

Одоо тэр үеийг бодохуйд өөрсдийн эрх ашгаа ярьж, бухимдаж байсан эмч нарын ч, өөрийгөө хийж чадна, бүтээж, болгоно хэмээн ойлгуулж байсан сайдын ч зөв байжээ. Арга ч үгүй юм аа. Тэр үед чагнуур барьсан, цагаан нөмрөгтнүүдийн цалин хангамж, нэр хүнд, ажил үүргийн хуваарь, эмнэлгүүдийн ачаалал, иргэдийн өвчлөлд өртөмхий байдал, хувийн эмнэлгүүдийн замбараагүй тусгай зөвшөөрөл, салбарын хүрэлцээгүй төсөв гээд эмч, сувилагчид бүү хэл иргэдийн бухимдал өндрөө авч байсан цаг. Хаанаас нь энэ бүхнийг цэгцэлж, юунаас нь ажлаа эхлүүлэх ёстойгоо тэрбээр хэдийн тооцчихсон, асуудал ярих олон хүн бийг ойлгочихсон, бэрхшээл бишгүй шүү гэдгийг тооцчихсон байсан нь тухайн үеийн үйл явдлыг өнөө тунгаахад ойлгогддог.

Яахаас ч буцахгүй болтлоо аргаа барчихсан байсан цагаан нөмрөгтнүүдийн өөдөөс тэр л анх итгэл, найдварын шидэт үгсийг харамгүй хэлж, “Надад итгэ. Жаахан л тэсчих. Багахан хугацаа өгчих. Би та бүхний өмнө овоорсон бэрхшээл бүхний араас уйгагүй явна. Тэр үед эмчийн алдрыг хүн бүр магтах, бахдах цаг ойрхон” хэмээн инээмсэглээд, яг л ээж шиг, эгч шиг бухимдсан эмч нарынхаа гараас халуу дүүгтэл нь атгаж байсан. Магадгүй түүний энэ үгэнд уулзалтын гол эзэд үнэмшээгүй ч байж мэднэ. “Үе үеийн сайд нар ингэж хэлээд ажлаа авдаг. Хэсэг хугацааны дараа юу ч өөрчлөгдөөгүй, бахь байдгаараа л  явсаар бид ядарч байна. Туйлдаж байна. Шөнө өдөргүй ажиллаж ажиллачихаад гар дээрээ багахан мөнгө авдаг.

Түүгээр бид үр хүүхэд, хань ижлээ яаж тэжээх юм бэ. Өөртөө таван жил хувцас авч өмсөөгүй олон эмч, сувилагч бий. Түрээсийн байраар дамжиж, айлын хашаа, гэрт толгой хоргодож байгаа хүн олон. Гэтэл өнөөдрийг болтол бидний нийгмийн асуудал орхигдсон” гэж хэлээд хоолой нь зангирч байсан тэд Даваажанцангийн Сарангэрэл гэх сэтгүүлч бүсгүйн амлалтад нэг л итгэхгүй байсан нь лав. Гэвч түүний удирдсан баг, хамт олон Монгол Улсыг дэлхийн тавцанд тод үсгээр бичүүлж, сая сая хүмүүсийн анхаарлыг татаж байна. Эмч, эрүүлийг хамгаалах салбарынхан энэ цагийн эгэл баатруудын эгнээнд зүй ёсоор хүлээн зөвшөөрөгдөв. Дэлхий нийтийг сөхрүүлсэн цар тахалд Монгол Улс нэг ч хүнээ алдаагүй, дотооддоо аюулыг дэгдээгээгүй улс болов.

ДЭМБ-аас Монголын эрүүл мэндийн салбарыг онцолж, туршлагаасаа хуваалцахыг хүсэв. Тэд Монголчуудын эмнэл зүйн аргыг гайхан шагшив. Ажил хийвэл ам тосддогийн үлгэрээр цагаан нөмрөгтнүүдийн маань нэр хүнд ч дээшээ цойлов. Одоо л төр аюулын голомтод цаг наргүй ажиллаж байгаа чагнууртай баатруудаа анхаарч, анзаарч эхэллээ. Цар тахлыг намжааж, эмчилж байгаа ачтинуудтай монголчууд хэвлэл мэдээллийн нүүр болгоноор танилцаж, баярлалаа гэх үгийг харамгүй хэлж, магнайг нь тэнийлгэв. Эмч болсноороо, эрүүл мэндийн энхийн манаанд зогсох тангараг өргөснөөрөө олон хүн бахархав.

Цалинг нь нэмж, илүү цагийг нь үнэлж, орон сууцны урамшууллыг тэдэнд зориулдаг боллоо. Урлаг спортынхон төдийгүй, эгэл жирийн иргэд эмч нартаа алга ташиж, тоглолт зохион байгуулж, олсон орлогоо хандивлах давлагаа үүсэв. Энэ бүхэн эмч нарт маань ямар их урам зориг, итгэл найдвар, магнай тэнийлгэсэн баярт мөч болж, ажиллах эрч хүч өгч байгааг таашгүй. Тэр амласандаа хүрлээ. Тэр зоригоороо зорилгоо биелүүллээ. Түүн шиг эрүүл мэндийн салбарыг өргөсөн нь хэн сэн билээ. Түүн шиг эх үрийн эндэгдлийг бууруулсан нь хэн билээ. Түүн шиг ханиад томууг багасгаж, эмнэлгүүдийн хүрэлцээгүй ор, танхимыг хэрэглэгч, өвчтөнгүй болгож байсан нь хэд билээ. 

Д.Сарангэрэл сайд 2016-2020 онд нийт 52 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 62 төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтын ажлыг сонгогдсон тойрогтоо хийхээс гадна Эрүүл мэндийн салбарт өнгөрсөн хоёрхон жилийн хугацаанд 22 эмнэлгийн царцсан барилгыг хөдөлгөж, ашиглалтад оруулаад зогсохгүй, эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг 40 хувиар нэмж, эмч сувилагч нарын цалинг гурван удаа найман хувиар нэмсэн байгаа юм. Мөн илүү цагийн урамшуулал, ажилласан жилийнхээ нэмэгдлийг цалин дээрээ бодуулаад авдаг болсноор нь тооцвол, цалинг нь 63-65 хувиар нэмж чадсан сэтгэлтэй, зүтгэлтэй, чагнууртай сэтгүүлч, сайд. Тэрбээр салбарынхаа ажлыг цар тахлын хүнд, хэцүү үед орхигдуулах нь бүү хэл ямархан шандастай, эр зоригтой, эрэмгий дайчин бүсгүй вэ гэдгээ харууллаа.

Коронагийн эсрэг хамгийн оновчтой арга, ажиллагаанд багаа зүтгүүлж чадсан сайн менежер аж. Долоо, арав, хорин хоногоор гэртээ хонохгүй байх нь энэ салбарынхны хувьд энгийн үзэгдэл болж, 45 хоног гэрийн бараа хараагүй цагаан нөмрөгтнүүд олны хайр, хүндлэл дунд ажлын ачаалал, ядаргаа, бухимдлаа мартав. Юутай сайхан бэ. 

Манай улсад эмнэлгийн мэргэжилтнүүдийн 23.4 хувь нь сувилагч, 3.5 хувь нь бага эмч, 3.5 хувь нь эм найруулагч байгаагийн 80 гаруй хувь нь эмэгтэйчүүд байна. Сүүлийн хоёр жилд сувилагч 800-1000, эх баригч 40-өөр нэмэгджээ. Гэхдээ сувилагчийн тоог нэмэгдүүлэх, ачааллыг тэнцвэржүүлэх шаардлага хэвээр байгаад тэр санаа зовиноостой л яваа юм билээ. 

Энэ зовнилоо арилгах ажил бодож, сувилагч, эх баригчийг тогтвор суурьшилтай ажиллуулах, шөнийн ээлжийн цагийг богиносгох, ажлын ачааллыг бууруулах, сувилагчийн мэргэжлийн сургалтын зардлыг төр хариуцах, манлайлагч, удирдагч, багшлах боловсон хүчнийг бэлтгэх, компьютер, хэлний мэдлэг олгох зэрэг асуудлыг шат дараатайгаар шийдвэрлэхээр олон талт бодлогын баримт бичиг боловсруулж, үр дүнг нь гаргах гэж зүтгэж яваа юм билээ. Энэ мэт сэтгүүлч хүний нүдээр олж харсан, шийдэл эрсэн, боломж боловсруулсан, эрсдэл тооцсон түүний онцгой өгөгдөл, ур чадвар, овсгоо самбаа Монголын Эрүүл мэндийн салбарыг сэвхийтэл нь босгоод ирлээ. Одоо түүнд итгэл хүлээлгэчих, тэр гарцаагүй амлаж, төлөвлөсөн бүхнээ гардаад хийчихнэ.

Энэ удаагийн сонгуульд нам нь түүнд үүрэг өгсөн. Хариуцлага үүрүүлчихлээ. Хан-Уул дүүрэгт нэрээ дэвшүүл гэсэн хариуцлага хүлээлгэчихлээ. Энэ нь ч зөв. Түүн шиг түшээ Монголын төрийн бодлогод оролцохгүй юм бол өөр хэн гэж. Даваажанцангийн Сарангэрэл ахайтан бол удирдах, чиглүүлэх, манлайлах чадвартай, Монголын төрийн “Сэцэн хатан” гарцаагүй мөн. Чагнууртай сэтгүүлчийн гарт үзэг өгвөл тэр мэдрэхүй, сэрхүйг нээгдтэл бичнэ. Чагнуур атгуулбал, цагаан нөмрөгтөнг мандтал зүтгэнэ. Түүнд хаана, ямар орон зай, эрх мэдэл, хийж бүтээх боломж олгоно, тэр тэндээ бусдыг дагуулж гэрэлтдэг. 

ШИНЭ МЭДЭЭ