МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Улсын Нэгдүгээр төв эмнэлэг хөнгөлөлттэй эмээр үйлчилдэг эмийн сантай болжээ
2020.06.09
Эрүүл мэнд

Улсын Нэгдүгээр төв эмнэлэг хөнгөлөлттэй эмээр үйлчилдэг эмийн сантай болжээ

Улсын Нэгдүгээр төв эмнэлэг Монголд анх удаа хоёр талт буюу амбулаторийн эмийн санг ашиглалтад орууллаа.

Эмнэлгээр үйлчлүүлж буй иргэдийн эмийн дундаж хэрэглээ 30 мянган төгрөг байна гэсэн тооцоо бий. ЭМДЕГ-аас уг дундаж үнийн 40 хувийг ЭМД-аас, 60 хувийг иргэн төлөхөөр журам гаргасны дагуу иргэд ийнхүү хөнгөлөлттэй үнээр, цаг алдалгүй эмээ авах боломж бүрдэж байна. Тус эмийн сан дөрвөн цонхоор, нарийн мэргэжлийн найман эм зүйч  иргэдэд үйлчлэх юм.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Шинэ коронавирусээр дэлхийд долоон сая хүн халдварлаж, 400 мянга гаруй хүн хорвоог орхисон гашуун мэдээ байна. Манай улсын хувьд коронавирусний халдвар зөөвөрлөгдөх тохиолдол тодорхой хэмжээгээр нэмэгдэж байна. Тиймээс эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бэлэн байдалд онцгой анхаарч байгаа. Үүний зэрэгцээ эрүүл мэндийн байгууллагын бусад үйлчилгээний хэвийн байдлыг алдагдуулахгүй байх чиглэлээр 94 жилийн түүхтэй улсын ууган эмнэлэг амбулаториор болон хэвтэн эмчлүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа үйлчлүүлэгч ЭМДС-гаас хөнгөлөлттэй, харьцангуй хямд үнэтэй эмийг эмчийн зааврын дагуу хэрэглэх иргэдэд ойртсон үйлчилгээг бодит ажил болгож байна” гэдгийг онцлов.

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирал Т.Мөнхсайхан “Манай эмнэлгийн амбулаториор өдөрт дунджаар 2500 хүн үйлчлүүлдэг. Жил ирэх тусам энэ тоо олшрох хандлагатай байна. Үйлчлүүлэгчдийн 80-90 хувь нь эмийн жор бичүүлж авдаг. Улсын эмнэлгүүдэд өөрийн гэсэн эмийн сан байдаггүй, дандаа гадны түрээслэгч байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг. Манай эмнэлэг хагас бие даасан тогтолцоо руу өнгөрсөн 4 дүгээр сарын 1-нээс шилжиж байгаа нь улсын лавлагаа төв эмнэлгүүдийн хувьд анхных юм. 

Өмнө нь энэ төрлийн эмийн сан нээгдээгүй байхад иргэд заавал  дүүрэг, өрхийн эмнэлэгтээ очиж эмийн жор бичүүлж эмээ хөнгөлттэй авах эсвэл 100 хувь мөнгөө төлж авдаг байсан бол одоо энэ төрлийн үйлчилгээ иргэдэд илүү ойртсон, санхүүгийн хувьд дэмжлэгтэй болж байгаа юм. Ингэснээр эмнэлэг өөрөө бие даан хөгжих боломж бүрдэж байна” гэв.

Тус эмнэлэг бүрэн цахимжсан бөгөөд эмчийн бичсэн жорыг эмийн санч цахимаар харж үйлчлүүлэгчид олгоно гэсэн үг юм. Цаашид энэхүү үйлчилгээ тогтворжсоноор өдөрт 15-20 хүн үздэг эмч болон үйлчлүүлэгчийн цаг хугацааг хэмнэж, үйлчилгээний үл ойлголцлыг арилгах ач холбогдолтой аж.

ШИНЭ МЭДЭЭ