МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УНТЭ улсын хэмжээнд анх удаа цахим чуулган зохион байгуулж байна
2020.06.12
Эрүүл мэнд

УНТЭ улсын хэмжээнд анх удаа цахим чуулган зохион байгуулж байна

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгээс өнөөдөр буюу энэ сарын 12-ны өдөр "Эмнэл зүйн ховор тохиолдлын үндэсний Анхдугаар чуулган"-ыг цахимаар анх удаа улсын хэмжээнд зохион байгуулж байна. Арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл, УНТЭ-ийн ерөнхий захирал Т.Мөнхсайхан болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Тус чуулган нь Монгол улсын эмнэлзүйн салбарт тохиолдсон ховор тохиолдол, түүний оношилгоо, эмчилгээний үр дүнг эмч нарт таниулах, харилцан туршлага солилцох, мэдлэг ур чадвараа хуваалцах, улмаар эмнэлзүйн ховор тохиолдлын санг бүрдүүлэх зорилготой юм. 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Хэдийгээр дэлхий дахинд шинэ коронавирусын халдвар тархаж нөхцөл байдал амаргүй байгаа хэдий ч  эрүүл  мэндийн салбарын үйл ажиллагаа тасралтгүй үргэлжлэх ёстой. Тиймээс коронавирусийн халдварын тархалттай холбоотой сургалтуудыг  тасралтгүй явуулж байна. Үүний зэрэгцээ эмнэлгийн тусламж үйлчилгээний чиглэлээр эмч, мэргэжилтнүүд санаачилгатай ажилласаар байна. Үүний томоохон илрэл 94 жилийн түүхтэй ууган эмнэлэг болох УНТЭ-ээс санаачлан “Эмнэл зүйн ховор тохиолдлын үндэсний Анхдугаар чуулган”-ыг анх удаа цахимаар зохион байгуулж байна.   

Анагаахын шинжлэх ухааны  чиглэлийн 16 сургуулийн 3000 гаруй оюутныг төгсгөж, эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүдийн тоо 520 мянга байсан бол одоогийн байдлаар 54687 боллоо. Үүнээс 11778 нь эмч нар байгаа юм.  Ийм чухал үед 21 аймаг, есөн дүүргийн эмч нарыг оролцуулсан  чуулган зохион байгуулснаар эрдэмтэн, доктор, эмч мэргэжилтнүүд хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний чиглэлээр харилцан туршлага солилцож, мэдээлэл, мэдлэгт ойр байх боломж бүрдэж байна.  Өөрөөр хэлбэл, дараа дараагийн ховор тохиолдлууд гарахад улсынхаа өнцөг булан бүрт эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа эрүүл мэндийн ажилтнууд нэгдсэн мэдээлэл, мэдлэгтэй болж байгаа нь сайшаалтай. Цаашид энэхүү чуулганыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байх УНТЭ-ийн санаачилгыг ЭМЯ-аас бүрэн дэмжиж ажиллана. 

“Эмнэлзүйн ховор тохиолддог өвчлөлийн эрт илрүүлж, оношилох боломжийг бүрдүүлж байна”

УНТЭ-ийн ерөнхий захирал Т.Мөнхсайхан: Өнөөдөр УНТЭ-ээс санаачлан “Эмнэл зүйн ховор тохиолдлын үндэсний Анхдугаар чуулган”-ыг улсын хэмжээнд анх удаа цахим болон танхимийн хэлбэрээр зохион байгуулж байна. Ингэснээр Монгол улсын эмнэлзүйн салбарт тохиолдсон ховор тохиолдол, түүний оношилгоо, эмчилгээний үр дүнг эмч нарт таниулах, харилцан туршлага солилцох, мэдлэг ур чадвараа хуваалцах чухал ач холбогдолтой.  Нөгөө талаасаа эмнэлзүйн ховор тохиолддог өвчлөлийг эрт илрүүлж, оношилох боломжийг бүрдүүлж байна.

Өнөөдрийн хуралд 56 ховор тохиолдолын илтгэл ирүүлснээс шилдгээр шалгарсан 10 илтгэлийг хэлэлцүүлж байна. Шилдэг илтгэлүүдээр эмнэлзүйн ховор тохиолдлын сан үүсэх, эмнэлгийн ажилчдад зориулсан сэтгүүл болгон хэвлүүлж эмч нар мэдээллээр хангагдах боломжтой болж байна.

Мөн чуулганаар дэлхийд тархаад буй коронавирус халдвартай холбогдуулан  ХӨСҮТ-ийн эрчимт эмчилгээний төсгийн эрхлэгч, тэргүүлэх зэргийн эмч Ц.Чинбаяр “Монголд бүртгэгдсэн COVID 19 халдварын батлагдсан тохиолдлын оношоор хэвтэн эмчлүүлэгчдийн эмнэлзүйн лабораторийн шинжилгээний зарим дүн” сэдвээр хэлэлцүүлж байгаа нь цаг үеэ олсон чухал илтгэл болж байна.

“Чуулганд улсын, аймаг, дүүргийн нийт 120 гаруй эмч, мэргэжилтнүүд оролцож байна.

УНТЭ -ийн Сургалт, эрдэм шинжилгээ стратеги эрхэлсэн захирал С.Мөнхбаярлах: Монгол улсад урьд өмнө эмнэлзүйн ховор тохиолддог өвчний талаар чуулган зохион байгуулагдаж  байгаагүй бөгөөд энэ удаагийнх анхны гэдгээрээ онцлогтой.  Энэ  удаагийн чуулганд нийт 17 эмнэлгийн байгууллагын эмч нар оролцож байна. Тухайлбал, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Хоёрдугаар төв эмнэлэг, Гуравдугаар төв эмнэлэг, ЭХЭМҮТ, ХӨСҮТ,  аймаг дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн төлөөлөл болох Говь-Алтай, Архангай, Орхон-Уул аймгийн эрүүл мэндийн төвүүдээс нийт 120 гаруй эмч, мэргэжилтнүүд оролцож байна.

Эмнэлзүйн ховор тохиолдол нь цөөн учир оношилох, эмчлэх, урьдчилан сэргийлэх эмнэлзүйн өвөрмөц байдлуудыг харилцан биенээсээ туршлага болгон судлах зайлшгүй шаардлагатай байдаг.Ингэснээр цаашдын анагаах ухааны болон эмнэлзүйн салбартаа ямар нэгэн алдаа эрсдэл гаргахаас урьдчилан сэргийлэх зорилготой.  Уг зорилгын хүрээнд Монгол улсын эмнэлзүйн ховор тохиолдлуудыг бүртгэн авч МЭДЭЭЛЛИЙН САН байгуулах ингэснээрээ хэн нэгэн эмчид ямар нэгэн ховор тохиолдол гарахад хэдэн онд, хаана ямар эмч эмчилж байсан талаар мэдээллийг авч өвчтөнд нотолгоо, баримттай үйлчилгээ үзүүлэх боломжтой юм.  УНТЭ нь  анхлан зохион байгуулж буй гэдэг утгаараа уг мэдээллийн санг цаашид улам баяжуулж явах болно гэдгээ хэлмээр байна.

“Ховор тохиолдлыг зөв оношилж, эмчилж чадвал тухайн хүнийхээ амийг аврах боломж байдаг учраас өнөөдрийн хурал маш чухал ач холбогдолтой”

УНТЭ-ийн ерөнхий мэс заслын зөвлөх эмч, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор О.Сэргэлэн: Эмнэл зүйн ховор тохиолдол гэдэг нь дэлхий нийт хүн ам тутмын 0,1 ба үүнээс бага хувьд тохиолддог. Энэ нь тухайн улсын онцлог, таагүй уур амьсгал, газар нутгийн болон хоол, хүнстэй холбоотойгоор янз бүрийн онцлог шинж тэмдгүүдээр илэрдэг. Ховор тохиолдлыг бусад өвчний ангиллаас тусад нь ангилан оруулдаг. 

Бүхий л чиглэлээр ховор тохиолддог арван эмгэгийг өнөөдөр бид шүүж байна. Уг эмгэгийг оношилоход манай улсын хүчин чадал, орчин үеийн оношилогооны арга техникүүдийг хэрхэн ашигласан, зөв оношилж чадах эсэх, оношилоход хэр хугацаа алдаж байгаа талаар мөн ховор өвчнийг оношилоод, эмчлэхэд үр дүн хэр байгаа талаар шүүн судалж байна. Ховор тохиолдлыг зөв оношилж, зөв эмчилж чадвал тухайн хүнийхээ амийг аврах боломж байдаг учраас өнөөдрийн хурал маш чухал ач холбогдолтой. Хүн бүрийн мэддэггүй, тэгсэн хэрнээ тохиолдоод байдаг эмгэгүүдийн оношилгоо, эмчилгээний чиглэлээр бид гол анхаарлаа хандуулан ажиллаж байна. 

"Эмнэл зүйн ховор тохиолдлын үндэсний Анхдугаар чуулган"-д www.science-fchm.mn сайтаар дамжуулан хүн бүр оролцох боломжтой бөгөөд оролцогчийн тоо хязгааргүй.  

“Эмнэлзүйн ховор тохиолдлын үндэсний Анхдугаар чуулган коронвариусийн үед явагдаж байгаагаараа ихээхэн чухал”

ШИНЭ МЭДЭЭ