Б.Баярсайхан: УИХ-ын гишүүдэд санхүүгийн сахилгатай, ёс зүйтэй, илүү их сэтгэл гаргаж ажиллах үүрэг ногдож байгаа
Эх сурвалж. Үндэсний шуудан, Б.Бадралмаа
УИХ-ын гишүүн Б.Баярсайхантай ярилцлаа.
-Та УИХ-ын гишүүнээр анх удаа сонгогдлоо. Бүрэн эрхийнхээ дөрвөн жилд аль чиглэлд анхаарч ажиллах вэ?
-УИХ-ын есдүгээр тойрог Завхан аймагт МАН-аас нэр дэвшиж, иргэд итгэл хүлээлгэснээр УИХ-ын гишүүн боллоо. Би ялалт байгуулсан гэхээсээ илүү надад иргэд өндөр хариуцлага үүрэг өглөө гэж бодож байна. МАН-ыг иргэд сонгосон нь өмнөх Засгийн газрыг хийсэн ажлаа үргэлжлүүлэх боломж олгож байгаа юм. Тодруулбал, нийгэм, эдийн засгийн бодлого, шударга ёсыг тогтоох тэмцэл, төрийн албаны сахилга хариуцлагыг нэмэх, авлига, хээл хахуультай тэмцэх зэрэг үр дүнд хүрч байгаа үйл хэрэг бүрт нь иргэд итгэж, багаар нь дэмжлээ. Тиймээс ард түмнийхээ итгэлийг алдалгүй шударга ёсны тэмцлийг үргэлжлүүлнэ. Ялангуяа Завхан аймагт төрийн бүх шатны үйл ажиллагаанд сахилга хариуцлагыг дээшлүүлэх, Засгийн газраас гарч байгаа бодлого шийдвэрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана. Хамгийн гол нь манай улсад ёс суртахууны асуудал хөндөгдөх боллоо. Үүнийг бид бүх шатанд анхаарч, нийгмээ цэвэрлэх цаг болжээ.
-Сонгуулийн сурталчилгааны хугацаанд та тойрогтоо бүрэн ажиллаж чадав уу. Хэчнээн сум суурингаар орсон бэ?
-Энэ хугацаанд 24 суманд 44 удаагийн уулзалтаар 14 мянга гаруй сонгогчтой уулзлаа. Тойрогтоо ажиллаж байхад хүмүүс шударга ёс тогтоож, шударга нийгэмтэй болох хүлээлттэй байна. Тиймээс төрийн түшээдээс эхлээд алба хаагч хүртлээ ёс суртахуунтай, авлигагүй, ашиг сонирхолгүй, хүнд сурталгүй ажиллах хэрэгтэй байна. Ингэж байж ард түмний төрд итгэх итгэл сэргэнэ. Улс орны хөгжлийн гарц нь энэ.
-Та боловсролын салбарт ажиллаж байсан хүний хувьд энэ чиглэлд ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ. Боловсролын салбарын өнөөдрийн байдлыг тодорхойлбол?
-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт ажиллаж байсан хүний хувьд энэ чиглэлийн Байнгын хороодод ажиллана. Мөн орон нутгаас сонгогдсон учраас Байгаль орчин, хөдөө аж ахуйн Байнгын хороонд ажиллах болно. Завхан аймгийнхаа хөгжлийн төлөө бүх хүчээ дайчилна. Манай Завхан аймаг дээр үеэсээ соён гэгээрүүлэгчдийн өлгий нутаг байсан. Маш олон сэхээтэн энэ нутгаас төрөн гарсан. Энэ бахархалт үйл хэргийг цааш үргэлжлүүлнэ. Тиймээс боловсролын салбарт анхаарах хэрэгтэй.
Завхан аймагт их, дээд сургууль болон коллеж, МСҮТ цөөнгүй бий. Тухайлбал, МУИС-ийн харьяа Завхан их сургууль гэж байдаг. Эдийн засгийн чиглэлээр хүний нөөц бэлдэж байсан энэ сургууль өнөөдөр бараг оюутангүй болжээ. Тэгэхээр суралцагчдын тоо, хөтөлбөрийн агуулгыг нэмэгдүүлэхэд анхаарч, баруун бүсийн төв сургууль болгох зорилго тавьсан. Өөрөөр хэлбэл, нийслэлийг зорих хөдөөгийн нүүдлийг багасгаж, орон нутагт сайн мэргэжилтнүүд бэлтгэдэг болмоор байна. Зардал, мөнгөний хувьд ч хэмнэлттэй шүү дээ.
Тойрогтоо ажиллаж байхад хүмүүс шударга ёс тогтоож, шударга нийгэмтэй болох хүлээлттэй байна. Тиймээс төрийн түшээдээс эхлээд алба хаагч хүртлээ ёс суртахуунтай, авлигагүй, ашиг сонирхолгүй, хүнд сурталгүй ажиллах хэрэгтэй байна.
-Сонгогч, иргэдтэй уулзаж байхад тэдэнд тулгамдаж байгаа асуудал юу байна вэ?
-Орон нутагт бага сургуулийн сурагчдын байдал хүнд байна. Зургаан настай хүүхдүүдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах хэрэгтэй. Миний хамгийн түрүүнд хийхээр төлөвлөсөн ажлыг нэг нь орон нутаг дахь модон жорлонгийн асуудлыг шийдвэрлэх. Сургууль, цэцэрлэг, дотуур байрны дэд бүтцийг шийднэ. Баруун аймгууд маш хүйтэн. Өвөлдөө хасах 40 хэмийн хүйтэнд зургаахан настай хүүхдүүд 100-200 метр газар явж бие засаж байна.
Энэ маш хүнд асуудал. Үүнээс болоод хүүхдүүдээ сургуульд явуулахгүй байх тохиолдол малчдад гарч байна. Мөн орон нутагт ээж нь хүүхдүүдээ хараад сумын төв бараадаж, аав нь хөдөө малаа малладаг. Энэ бүхнээс үүдэж сүүлийн үед гэр бүл салалт нэмэгдэх болжээ. Тиймээс бага ангийн хүүхдүүдийг дулаан тохилог, дэд бүтцийг нь шийдсэн дотуур байранд амьдруулах, орчин нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй.
Гадаад, дотоодын ямар төсөл байна түүнийг судална. Хүүхдийг аюулгүй, тайван орчинд сурч боловсрох нөхцөлөөр хангана. Энэ талаар манай намын мөрийн хөтөлбөрт ч туссан. Мөн хөдөө орон нутагт хийх ёстой ажлын нэг нь иргэдийн эрүүл мэндийг сайжруулах, анхаарах. Хөдөөгийн иргэд хүнд нөхцөлд ажиллаж байгаа нь ажиглагдлаа.
-Эдийн засгийн амаргүй нөхцөлд МАН олонх болоод байна. Энэ жил гадаад өр зээлээ төлж эхэлнэ. Нийгэм эдийн засгийн энэ нөхцөлийг та хэрхэн харж байна. Ямар бодлого баримталбал оновчтой бол?
-Элгээрээ хэвтсэн эдийн засагтай, саарал жагсаалтад орох болзлоо хангасан Засгийн газрыг 2016 онд МАН хүлээж аваад өнгөрсөн хугацаанд 8.2 их наядын өр төлсөн байна. Мөн эдийн засгийн өсөлтөө 7.1 хувьд хүргэсэн. Зөв бодлогоор ажилласан учраас манай нам дахин олонх болсон. Онцгой нөхцөл байдлаас шалтгаалж, эдийн засаг хүнд байдалд орсон. УИХ-д шинээр сонгогдсон гишүүдэд чухал хариуцлагатай цаг үе ирсэн гэж болно.
Иргэд итгэл хүлээлгэж, сонгосон учраас бид үүнийг даван гарах ёстой. Ирэх дөрвөн жил УИХ-д ажиллах гишүүдэд санхүүгийн сахилга батыг чанд сахих, ёс зүйтэй байж хэрэглээгээ хянах, ард түмнийхээ төлөө илүү их сэтгэл гаргаж ажиллах үүрэг, хариуцлага ногдож байна. Иргэдийн итгэлийг алдалгүй улс орноо өөд нь татах ёстой.
-Хууль санаачлагчийн хувьд аль чиглэлд анхаарч ажиллах вэ?
-Монгол Улсын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, “Алсын хараа-2050”-ыг өнгөрсөн парламент баталсан. Мөн МАН-ын мөрийн хөтөлбөрт хүний хөгжлийн бодлогыг дэмжин ажиллах талаар тусгасан. Би нийгэм, соёлын салбарт ажиллаж байсны хувьд эдгээрт ач холбогдол өгч, анхаарч ажиллана. Нийгмийн бодлого хүний хөгжлийнх болж өөрчлөгдсөн. Энэ маш зөв бодлого. Өнгөрсөн хугацаанд бид улс орны хөгжлийн талаар олон бодлого ярьж байсан ч хүний хөгжлийн асуудлаа орхигдуулсан байжээ. Хүний хөгжлийн бодлогыг суурь бодлого болгон оруулсан. Үүнд би гар бие оролцож ажиллана.
Манайд хүүхдээ зөв хүмүүжүүлэх арга ухаан гээгдсэн байна. Өнгөрсөн хугацаанд хүүхдээ багшид даатгаад хаядаг болчихжээ. Гэр бүлийн хүмүүжил, ёс суртахуунтай иргэн бэлтгэх, суурь хүмүүжил олгох, хүн байх гэдгийг мартаж эхэлсэн байна. Энэ чиглэлд анхаарч, хууль дүрэм санаачлах, ажлын хэсгүүдэд манлайлан оролцоно. Үүнийг хариуцах институц гэж байх ёстой. Шинэ Засгийн газарт Хөгжлийн яам байгуулах талаар ярилцаж байгаа. Дараагийн ажил төрийн албаны сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж гарах хуулиудад ажиллана.
Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчийг мэдлэг туршлагатай байхаас гадна ёс зүйтэй, чин сэтгэлээсээ ханддаг, үүнд хариуцлага тооцдог байх зарчмыг баримтална. Ингэснээр төрийн алба ёс зүйтэй тогтвортой ажилладаг болно. Мөн би орон нутгаас сонгогдсон гишүүний хувьд малчдын эрүүл мэнд аж, амьдралыг дээшлүүлэхэд анхаарна. Тэднийг тухтай амьдрахад ямар хууль журам хэрэгтэй байна, түүнийг санаачилна.
-Энэ удаагийн сонгуульд 13 эмэгтэй гишүүн сонгогдлоо. Нэг төлөөлөл нь та. Хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг зөрчих явдал нийгэмд асар их байна. Өмнөх парламентын үед энэ талаар “Эмэгтэйчүүдийн оролцоо сул байна, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад төрд дуу хоолойгоо хүргэж чадахгүй байна” гэх шүүмжлэл гарч байсан. Та энэ чиглэлээр яаж ажиллах бодолтой байна вэ?
-Энэ миний үндсэн ажил. Арав гаруй жил энэ чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагад ажилласан. Миний дээр ярьсан хүний хөгжлийн цогц бодлого дотор хүүхэд хамгаалал, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах талаар тодорхой туссан. Хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийн асуудал нийгмийн маш чухал сэдвийн нэг. Хүчирхийлэл, эмэгтэйчүүдийн жендерийн асуудалд анхаарах ёстой.