Г.Амартүвшин: Бид боломжоороо өрийн хэмжээг багасгана
2020.08.03
Эдийн засаг, Худалдаа

Г.Амартүвшин: Бид боломжоороо өрийн хэмжээг багасгана

Эх сурвалж: Үндэсний шуудан           Сэтгүүлч: Б.Бадралмаа

УИХ-ын гишүүн Г.Амартүвшинтэй ярилцлаа.

-Та гадаад, дотоодын банкны салбарт олон жил ажилласан туршлагатай хүн. Улс төрд орох шалтгаан тань юу байв?

-Би олон жил хувийн хэвшилд, тэр тусмаа банк санхүүгийн салбарт ажилласан. Ер нь манай улсад банк санхүүгийн салбар тодорхой хэмжээнд хөгжсөн боловч том зургаараа хөрөнгийн зах зээл хангалттай хөгжөөгүй. Жишээлбэл, эд хөрөнгийн зах зээлийн 80 гаруй хувь нь банкны актив байдаг бол үлдсэн нь даатгал, хөрөнгийн бирж, банк бус санхүүгийн байгууллагад хуваагдаж байна.

Тэгэхээр хэрэглэгч, зээлдэгчдийн эрх ашгийн төлөө хөрөнгийн зах зээлээ илүү тэлж хөгжүүлэх ёстой. Өрсөлдөөнтэй байх хэрэгтэй. Ингэснээр харилцагчид бага өртөгтэй, сонголттой, хүртээмжтэй зээл авдаг болно. Сонгуулийн сурталчилгааны үеэр сонгогчид гурван зүйл хүсэж байсан. Нэгдүгээрт, зээлийн хүү маш өндөр байна. Энд арилжааны банкнаас гадна банк бус санхүүгийн байгууллага, ломбард, өдрийн зээл, хувийн хүүлэгч зэрэг бүгд орно. 

Хоёрдугаарт, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид хөнгөлөлттэй зээл хэрэгтэй. Өрхийн үйлдвэрлэгчид зээлийн санхүүжилтийг хүртээмжтэй болгох шаардлагатай байна. Иргэд арилжааны банкнаас зээл авах гэхээр барьцаа хөрөнгө нэхдэг, өндөр шалгууртай байдаг.

Ингээд аргагүйн эрхэнд банк бус болон бусад санхүүгийн байгууллага, хувь хүнээс өндөр хүүтэй зээл авдаг. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжвэл өрхийн орлого нэмэгдэх, ажлын байр бий болох зэргээр иргэдийн амьжиргааг  дээшлүүлэх олон давуу талтай. Үүнийг дэмжих хэрэгтэй байна. Харамсалтай нь, сангууд нь замхарч, иргэдэд хүрч чадахгүй байгаа.

Арилжааны банкууд “Ковид-19”-ийн халдвараас шалтгаалж, зээл олгохдоо хойрго хандаж байна. Би өнгөрсөн оны хоёрдугаар хагас хүртэл Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байсан. Манай улсын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хамгийн гол нөлөө бүхий институт нь Хөгжлийн банк. Үндэсний хэмжээний компаниудыг санхүүжүүлдэг энэ байгууллагыг олон жил буруу удирдсанаас болж хэрэгжих ёстой төслүүд нь хөгжиж чадахгүй байна. Тэгэхээр банк санхүү, хөрөнгийн зах зээлийг мэддэг хүн энэ танхимд суугаад энэ салбарт шинэчлэл хийх хэрэгтэй гэж бодсон.

-Нийгэм эдийн засгийн одоогийн нөхцөлийг та хэрхэн харж байна. Цаашид яаж ажиллах вэ?

-Хамгийн сүүлд би Казахстан Улсад ажиллаж байсан. Энэ улс ардчилсан засаглалтай улс биш. Үүний хажууд Монгол Улс ардчилсан засаглалтай, хөгжих боломжтой. Үүнийгээ ч сая УИХ-ын сонгуулийн үеэр харууллаа. Гол нь бид улс төрийн тогтвортой байдал, урт хугацааны эдийн засгийн бодлого баримтлах нь чухал. Ингэхгүйгээр дөрвөн жилд нэг удаа болдог сонгуулиар бизнес, эдийн засаг, санхүүгийн байдал нь тогтворгүй болдог байж болохгүй. Бид аль болох гаднын хөрөнгө оруулагчдыг татах ёстой.  

-Коронавирусийн нөлөө жижиг, дунд үйлдвэрлэгчдэд хүнд тусаж байгаа. Та ч тэдний төлөөллийг хүлээж авч уулзсан. Өмнөх Засгийн газар иргэд, аж ахуйн нэгжийн орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах чиглэлээр 5.1 их наядын багц гаргасан шүү дээ. Энэ нь зорилтот бүлэгтээ хүрч чадсан уу?

-Засгийн газраас авсан энэ арга хэмжээ иргэдэд хэрэгтэй, зөв ажил байсан. Харин жижиг, дунд үйлдвэрлэгчид борлуулалт буурч, зах зээл нь хумигдсан ч өөрсдийн хүчээр явах боломж байна. Гол нь зээлийн хүүгийн дарамтыг багасгаж, тодорхой санхүүжилт олгооч гэх хүсэлт тавьж байгаа юм. Тэдэнд урт хугацааны зээл хэрэгтэй байна.

-Ирэх сард УИХ-ын чуулган ээлжит бус хуралдаанаараа төсвийн тодотголыг хэлэлцэнэ. Ер нь манайх жил бүр төсвийн алдагдалтай гардаг. Гэтэл энэ жил сүүлийн зургаан жил  байгаагүй их алдагдалтай гарсан. Цаашид яах ёстой вэ?

-Төсвийн татварын орлогыг бүрдүүлэгч нүүрсний экспорт оны эхний дөрвөн сард зогсож, одооноос хэвийн байдалдаа орж байна. Саяхан манай улс БНХАУ-ын хамтын ажиллагааны хүрээнд “Ногоон гарц” журмыг хэрэгжүүлэхээр болсон. Үүнийг хэрэгжүүлээд эхэлбэл нүүрсний экспорт нэмэгдэх байх.

Гэхдээ одоо манайх төсөөлснөөсөө бага орлоготой учраас нөхөх шаардлагатай. Танаж болох зардлуудаа танах хэрэгтэй. Би Төсвийн байнгын хорооны гишүүний хувьд хөрөнгө оруулалтын зардлаа эрэмбэлэх тал дээр анхаарч ажиллана. Монгол Улсын эдийн засаг уул уурхайн бүтээгдэхүүнд түшиглэсэн.

Тиймээс бидэнд боломж байгаа. Тухайлбал, энэ жил алт хамгийн өндөр үнэд хүрсэн. Хамгийн сүүлд авсан мэдээгээр дэлхийн зах зээл дээр алтны үнэ 1952 ам.долларт хүрсэн байна. Шинжээчид 2000 ам.долларт хүрэхэд ойрхон гэж үзсэн. Нэг хэсэг уналтад орсон зэсийн үнэ ч өсөж байна. БНХАУ-д вирусийн дэгдэлт намжсантай холбоотой эдийн засаг сэргэж, гангийн үйлдвэрүүд нь хэвийн ажиллаж эхэлснээр коксжих нүүрсний эрэлт нэмэгдсэн. Энэ нь манай улсын экспортод дунд хугацаандаа эергээр нөлөөлнө.

-“Ковид-19” цар тахал төсөөлснөөс удаан хугацаанд үргэлжилж байна. Дөнгөж сэргэж байсан манай эдийн засаг дахиад хүнд байдалд орчихлоо. Ирэх жилээс манайх бондын өрүүдээ төлж эхэлнэ. Бидэнд хангалттай нөөц хөрөнгө байхгүй шүү дээ. Өрийг өрөөр төлөх үү?
-Бид аль болох боломжоороо өрийн  хэмжээг багасгана. Өрийг өрөөр төлөх нь энгийн үзэгдэл. Америкийн Засгийн газар хэзээ ч өрөө бүрэн төлж байгаагүй. Дандаа бонд гаргаж, өрөө төлдөг. Тэгэхээр өрийг өрөөр төлөх асуудлыг сөргөөр хүлээж авалгүй, аль болох улс орны эдийн засагтаа ашигтай хувилбарыг сонгох нь чухал.

Хаана урт хугацааны, бага хүүтэй эх үүсвэр байна түүнийг нь олж, өмнө нь гарсан өндөр зардалтай бондоо дахин санхүүжүүлэх хэрэгтэй. Тодорхой хугацааны дараа эдийн засгаа өсгөөд үүнээс гарсан татварын орлогоороо зээлээ шат дараалалтай төлж дуусгах хэрэгтэй.

-МАН хөтөлбөртөө зээлийн хүүг бууруулах талаар тусгасан. Та мөн зээлийн хүүг бууруулах хэрэгтэй гэлээ. Үүнийг ойрын хугацаанд хэрэгжүүлэх боломж байна уу. Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлаас шалтгаалж аж ахуйн  нэгжийн орлого буурсан үед зайлшгүй анхаарах ёстой асуудал болов уу?

-Аливаа зүйлийг хурдан хугацаанд хийнэ гэдэг харьцангуй ойлголт. Гэхдээ банк санхүүгийн шинэчлэлийг хурдан шуурхай хийж, зээлийн дарамтыг бууруулахад анхаарч ажиллахыг УИХ-ын дарга, Ерөнхий сайд аль аль нь хэлж байгаа. Үүнийг бид шуурхайлах үүднээс судалгааны ажлаа эхлүүлсэн. Өнгөрсөн долоо хоногт Монголбанкны удирдлага болон арилжааны банкны төлөөлөл, банк бус санхүүгийн байгууллагынхан, жижиг дунд үйлдвэрлэгчдийг хүлээн авч, санал солилцсон. Энэ долоо хоногт ч уулзалтуудаа үргэлжлүүлнэ. Энэ асуудлыг тал бүрээс нь судалгаатай шийдэх  ёстой.

-Санхүүгийн зах зээлийн хөрөнгийн гол эх үүсвэр нь арилжааны банкуудад төвлөрчихсөн. Үүнийг хэрхэн шийдэх вэ?

-Арилжааны 13 банк бий. Нэгдүгээрт, эдгээр банкны хувьцаа эзэмшигчдийг тодорхой болгох хэрэгтэй. Хоёрдугаарт, шат дараатайгаар хувь эзэмшигчдийн төвлөрсөн байдлыг багасгах ёстой. Барууны томоохон орнуудад нэг хүн 20-30 хувь эзэмших хуулийн зохицуулалттай байдаг. Манайх ч бас ийм зохицуулалттай болох хэрэгтэй.

Гэхдээ энэ нь дунд хугацааны ажил. Гуравдугаарт, системийн ач холбогдолтой томоохон банкууд цаашдаа хувьцаат компани болох хэрэгтэй. Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалж, хөрөнгө оруулагчид үүнийг нь худалдаж авдаг байвал зүгээр. Арилжааны банкууд дампуураад байгаа нэг шалтгаан нь хувьцаа гаргахгүй байгаатай холбоотой.

Учир нь хувьцаа эзэмшигчид ашиг сонирхлын зөрчилтэйгөөр өөрийн холбоотой юм уу, тусгай зориулалттай компанид зээл олгоод энэ нь бүтэхгүй болохоор банк нь санхүүгийн хүндрэлд ордог. Үүний нэг томоохон жишээ нь “Капитал” банк. Тиймээс арилжааны банкны санхүүжилтийг нээлттэй ил тод болгох хэрэгтэй.

-Зээлийн хүүг бууруулахад гаднын банк оруулж ирэх, эсвэл хадгаламжийн хүүг багасгах талаар ярьж байгаа. Банкир хүний хувьд аль нь манайд тохиромжтой гэж харж байна вэ?

-Хадгаламжийн хүүг механикаар бууруулсан хэд хэдэн жишээ дэлхийн улсуудад бий. Тухайлбал, БНХАУ-д төрийн өмчит банкууддаа хадгаламжийн хүүг бууруулах тушаал гаргасан байдаг. Харин манайд үүнийг Монголбанк шийднэ.

Зээлийн хүүг бүрдүүлэгч гол эх үүсвэр нь мөнгөний өртөг буюу хадгаламжийн хүү. Одоогийн байдлаар төгрөгийн хадгаламжийн хүү 13-14, ам.долларынх 3-4 хувьтай байна. Тоо нь зөрүүтэй хэдий ч их хэмжээний хадгаламж эзэмшигчид ам.долларын хадгаламж эзэмших нь элбэг.

Тиймээс ам.долларын хадгаламжийг багасгах хэрэгтэй. Үндэсний мөнгөн тэмдэгтээ гадаад валют болгож байгаа нь буруу. Банкны салбарын төлөөлөлтэй уулзаж байхад зээлийн хүүг бууруулуулах боломжтой гэж байна. Монголбанк бодлогын хүүгээ бууруулж, есөн хувьтай болгосон.

Тиймээс энэ түвшин рүү ойртуулж банкууд зээлийн хүүгээ буулгах боломжтой юм. Банкны салбарын төлөөллөөс хэлж байгаа нэг зүйл нь одоо гаргасан жижиг, дунд үйлдвэрлэгчид зориулсан зээлээ бууруулахын тулд бага хүүтэй, урт хугацааны эх үүсвэр хэрэгтэй гэсэн. Үүнийг Монголбанк анхаарч ажиллахаа мэдэгдсэн.

Харин гаднын банкны тухайд манайд олон банк орж ирэх гээд хүлээгээд байгаа биш шүү дээ. Ялангуяа цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж, гаднын банкууд асуудал ихтэй байгаа. Тухайлбал, саяхан АНУ-ын томоохон дөрвөн банк их хэмжээний эрсдэлийн сан байгуулсан. Европын банкууд ч ялгаагүй. Энэ нь богино хугацаанд тухайн улсын эдийн засаг хүндэрч, зээлийн чанар муудах юм байна гэсэн хүлээлт бий болчихсон гэсэн үг. Манайд ч ялгаагүй ийм нөхцөл байдалтай байгаа.

-УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр таныг Нидерланд Улсын харьяалалтай гэх маргаан гарсан. Энэ талаар та албан ёсны байр сууриа илэрхийлэхгүй юү?

-Өрсөлдөгчдөө харлуулах гэсэн явуулга байсан. Бодлогоор өрсөлдөхийн оронд бие бие рүүгээ дайрдаг харамсалтай үйлдэл. Энэ нь тэгээд ямар ч үр дүн өгөөгүй. Шүүхэд гомдол гаргаж, асуудлаа шийдвэрлэсэн.

-Саяхан та банкны салбарын төлөөлөл болон жижиг, дунд үйлдвэр эрхлэгчидтэй уулзахдаа авахуулсан зургаа тасалж, цахим сүлжээнд оруулсан байсан Яагаад тийм үйлдэл хийсэн юм бэ?

-Би түүнийг сайн анзаараагүй. Миний цахим хаягийг хөтөлдөг хүмүүс алдаа гаргасан байна лээ. Би үүнийг санаатай хийгээгүй. Бусад гишүүнтэйгээ хамтарч ажиллаж байгаа.

ШИНЭ МЭДЭЭ