Ц.Туваан: Гишүүд нь тардаг биш, цугладаг бодлого барих хэрэгтэйг иргэдийн сонголт бидэнд ойлгууллаа
2020.08.06
Улстөр

Ц.Туваан: Гишүүд нь тардаг биш, цугладаг бодлого барих хэрэгтэйг иргэдийн сонголт бидэнд ойлгууллаа

Эх сурквалж: Өнөөдөр сонин             Сэтгүүлч: Б.Уянга

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваантай тус намын Үндэсний бодлогын хороо (ҮБХ)-ны хурлын шийдвэр, цаашдын бодлого, орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажлын талаар ярилцлаа.

-АН ҮБХ-ны хурлаа хаалттай хийлээ. Их хурлын товоос гадна ямар асуудлуудыг хэлэлцэв?

-2020 оны УИХ-ын сонгуульд АН ялагдал хүлээсэн. Намын удирдлага, тэр дундаа миний бие хариуцлагаа хүлээж, үндсэн дүрмийн дагуу огцорсон юм. Гэхдээ намын үйл ажиллагааг тасалдуулахгүй явуулах, орон нутгийн сонгуулийн бэлтгэлийг хангах зэрэг дараа дараагийн алхмаа хийх шаардлагатай.

Тиймээс үүнтэй холбоотойгоор намын даргын үүрэг гүйцэтгэгчийг түр томилдог юм. Намын даргын үүрэг гүйцэтгэгчийн хувьд ҮБХ-ны XVII хуралдааныг зарлаж, хийсэн. Үүнд манай ҮБХ-ны 210 гаруй гишүүн оролцлоо.

Олон гишүүн орон нутагт амарч байсан ч ирж амжсан. Хуралдаанаар УИХ-ын сонгуулийн дүн, гаргасан алдаа, мөн намын дүрэм дэх хугацаатай заалтууд тухайлбал, АН-ын даргын болон ҮБХ-ны гишүүдийн нөхөн сонгууль, их хурлыг орон нутгийн сонгуулиас өмнө явуулах, эсэхийг хэлэлцлээ.

Орон нутгийн сонгууль бол нэгдүгээрт, манай 180 мянган гишүүний хувь заяатай холбоотой. Хоёрдугаарт, эрх баригч нам парламентад дийлэнх болсон энэ үед нийслэл, орон нутагт хяналт тавих, төр барих эрх мэдлийн нэгээхэн хэсгийг авах боломжтой чухал сонгууль юм. Тиймээс АН-ын даргын сунгаа, ҮБХ-ны гишүүдийн нөхөн сонгууль, намын их хурлыг орон нутгийн ИТХ-ын сонгуулийн дараа хийхээр шийдвэрлэсэн. Намын их хурлын товыг зайлшгүй зарлах ёстой учраас энэ хугацааг арваннэгдүгээр сарын 16-нд гэж тогтлоо.

-Сонгуулийн үр дүнгийн талаар хэлэлцсэн гэлээ. Алдаа дутагдлаа хэрхэн дүгнэсэн бэ?

-Бид хоёр дахь удаагаа том хэмжээний ялагдал хүлээж байна. Энэ бол АН-д өгч буй ард түмний үнэлгээ. Иргэд саналаараа дамжуулж төрийн эрх мэдлийг эдэлдэг учраас үүнд хүндэтгэлтэй хандаж байгаа. Гэхдээ УИХ-ын энэ удаагийн сонгууль зөрчил, хардлага дагуулсан. Санал зөв тоолсон, эсэх, хурууны бэхэн тэмдэглэгээ хийгээгүй, сонгогчдын нэрийн жагсаалтыг намуудад бүрэн өгөөгүй зэрэг асуудал бий. Үнэмлэхүй ялагдал хүлээсэн учраас гишүүд маань олон талаас саналаа хэлсэн.

Дүгнээд үзвэл, бидний өнгөрсөн дөрвөн жилд хийсэн шинэчлэлийн ажил төдийлөн хүсэн хүлээсэн хэмжээнд хүрч чадсангүй. Мөн намын эв нэгдлийг хангаж ажилласангүй. Нам дотроосоо хүмүүсээ “явуулж”, өөр улс төрийн хүчин төрүүлсөн зэргийг гишүүд түлхүү ярьсан. Түүнчлэн намын удирдлагын хэрэгжүүлсэн арга хэмжээ гишүүдэд таалагдсангүй.

Үүнээс гадна санхүүжилттэй холбоотой тухайлбал, 100 сая төгрөгийн дэнчин авсан нь буруу байсныг хэлсэн. Тэгэхээр дахиж алдахгүйн тулд тодорхой шийдлийг гаргасан. Үүнд дүгнэлт өгөх ажлын хэсэг байгуулахаар боллоо. Гэвч орон нутгийн сонгууль хаяанд тулж ирсэн тул бэлтгэлээ яаралтай хангах шаардлага үүсэж байна.

-Санал хураалт болсноос хойш 30 хоногийн дотор ҮБХ хуралдах дүрэмтэй юм билээ. Уг хуралдааныг танай намын Улс төрийн зөвлөл зарлах ёстой атал таныг дур мэдэн зохион байгууллаа, ирц хүрээгүй байхад даргын үүрэг гүйцэтгэгчээр өөрийгөө батламжилсан гэж маргаан үүссэн шүү дээ.

-АН-ын дарга асан С.Эрдэнэ зургадугаар сарын 25-нд хариуцлага хүлээж, огцорч байгаагаа мэдэгдсэн. Энэ үеэр намын даргын үүргийг дэд болон ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Туваан гүйцэтгэнэ гэж зарласныг бүгд мэдэж байгаа.

Гэхдээ намын дүрмийн дагуу дараагийн даргыг сонгох хүртэлх хугацаанд л энэ албыг хашина гэж хэлсэн. Мөн АН-ын даргын тамгыг надад хүлээлгэн өгч, үйл ажиллагаагаа үргэлжлүүлээрэй гэсэн юм. Үүний хүрээнд ҮБХ-ны хурлыг цахимаар хийхээр зарласан. Наадам дөхсөн, гишүүд маань хөдөө аялаад явчихсан, УОК-оос олон нийтийг хамарсан үйл ажиллагааг ядаж наймдугаар сарын 1 хүртэл явуулахгүй байх хэрэгтэй гэсэн чиглэл өгсөн зэргээс шалтгаалж ийн шийдэлд хүрсэн.

Үүгээр хоёр л асуудлыг хэлэлцсэн. Тодруулбал, Үндсэн дүрмийн хорооны гаргасан шийдвэр буюу удирдлага огцорсныг, намайг даргын үүрэг гүйцэтгэгчээр батламжилсан юм. Дүрэмд заасны дагуу ерөнхий нарийн бичгийн дарга нь намын ҮБХ-ны хурлыг зарладаг. Гэтэл ерөнхий нарийн бичгийн дарга нь огцорчихсон учир хурлыг зарлах боломжгүй. Мөн 30 хоногийн дотор хуралдуулах дүрэмтэй тул үүрэг гүйцэтгэгчийн хувиар хуралдааныг зарлаж, зохион байгуулсан. Тэгэхээр ямар нэг дүрмийн бус үйлдэл хийгээгүй. Үүнийг өчигдрийн (уржигдар) хуралдаанаар ч гишүүддээ танилцуулсан.

-Санал хураалт болсноос хойш 90 хоногийн дотор их хурлаа хийх ёстой юм билээ. Гэтэл их хурлыг энэ хугацаанд хийхгүй байгаа нь дүрмээ зөрчиж буй хэрэг биш үү. Гишүүдийн зүгээс дүрмийг сайжруулах санал гаргасан гэсэн.

-Үндсэн дүрэм бол намын дотоод бүх асуудлыг зохицуулах, биднийг “барих” бичиг баримт мөн. Гэхдээ бүх зүйлийг урьдчилан харах боломжгүй. Өмнө нь орон нутгийн сонгуулийн тодорхой хэсгийг УИХ-ынхтай хамт явуулдаг байсан. Гэтэл одоо өөр цаг хугацаанд явуулж байна. Үүнийг урьдчилан хараагүй гэх мэтчилэн давагдашгүй хүчин зүйл бий.

Тэгэхээр намын эрх барих дээд байгууллага нь ҮБХ мөн, тус хороо тодорхой шийдвэр гаргах буюу дараагийн намын их хурлаа товлох эрхтэй учраас үүнийхээ хүрээнд ажилласан. Үүнээс гадна орон нутгийн ИТХ-ын сонгуулийг бид товлохгүй шүү дээ. Эдгээр хүчин зүйлийг ярилцаж, хамтын шийдвэрээ гаргасан. ҮБХ бол намын их хурлыг хийх хүртэлх хугацаанд үндсэн дүрэм, бусад үйл ажиллагаатай холбоотой бүхий л ажлыг шийдэх эрх хэмжээтэй байгууллага учраас ийм зөвшилцөлд хүрлээ.

-Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд намаа хэрхэн зохион байгуулж оролцох вэ?

-Нийслэл, аймаг, дүүрэг, сумын иргэдийн аж амьдралтай холбоотой асуудлыг шийддэг засаг захиргааны нэгжүүдийг сонгох чухал сонгууль учраас их ач холбогдол өгч оролцоно. Намын төв удирдлагаас сонгуулийн үеэр пиар хийх, судалгаа явуулахад нь бодлого боловсруулж, дэмжин ажиллах юм.

Орон нутгийн сонгуульд бэлтгэх ажлын хэсэг байгуулах үүргийг хуралдаанаар надад өгсөн. Мөн намын хэрэг эрхлэх газар бүрэн бүрэлдэхүүнээрээ сонгуулийн үед ажиллах юм. Хамгийн чухал нь тухайн засаг захиргааны нэгжид амьдарч байгаа, тэндээс сонгогдсон сонгуульт гишүүд өөрсдөө шийдвэр гаргаж, хэн нэр дэвших вэ, ямар уриа, мөрийн хөтөлбөртэй байхаа тодорхойлдог учраас хамтын оролцоотойгоор сонгуульд өрсөлдөнө.

Түүнчлэн бид ард түмний сонголтыг хүндэтгэн үзэж байгаа гээд орхиж болохгүй. Эрх баригч намын үйл ажиллагаанд зайлшгүй хяналт тавих боломжийг орон нутгийн сонгуулиар олгож байгаа, түүнийг хэрэгжүүлэх үүрэг нь манай нам юм. Хэдий АН ялагдал хүлээсэн ч парламентад бүлэгтэй, сөрөг хүчний үүргээ гүйцэтгэнэ. Орон нутгийн сонгуульд ялах үүрэг ногдож буй учир хариуцлагатай оролцоно. Хүмүүс хүчээ нэгтгээд байгаа бол бид хүчийг тэнцүүлэх, хяналт тавих чиглэлээр ажиллана гэдгээ хэлье.

-Танай нам сөрөг хүчнийхээ үүргийг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд муу гүйцэтгэсэн гэж иргэд шүүмжилж байна. Тэгэхээр ирэх дөрвөн жилд хэрхэн ажиллах бол?

-Сөрөг хүчнийхээ үүргийг сайн гүйцэтгээгүйн нэг илрэл нь УИХ-ын сонгуулийн дүн. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд гаргасан алдаа, оноотой шийдвэрүүдэд дүн шинжилгээ хийх ажлын хэсэг байгуулахаар болсон. АН-ын бүлгийн 11 гишүүн хэрхэн зөв ажиллах чиглэл, зөвлөгөөг намын удирдлагын зүгээс бидэнд өгнө. Намын хэрэг эрхлэх газар, УИХ дахь бүлэг хоёр уялдаа холбоотой ажиллаж чадаагүй гэдэг шүүмжлэл гишүүдээс гарсан.

Тэгэхээр энэ алдааг давтаж болохгүй. Ц.Туваан Төв аймгаас сонгогдсон гээд тухайн тойрогтоо анхаарах биш, Монголын ард түмний АН-ынханд өгсөн мандат, сөрөг хүчний үүргээ сайн гүйцэтгээрэй гэсэн захиас учраас үүнийгээ сайн хийхийг эрмэлзэнэ. Энэ ч утгаараа дотооддоо сайн зохион байгуулалттай ажиллах юм. Ард түмний 44 хувийн саналыг аваад, 62 суудал авсан эрх баригч намын үйл ажиллагаанд мониторинг хийж ажиллах болно.

-Зарим нам, эвслийнхэн эрх баригч намын эсрэг нэгдэж, сонгуульд оролцох шаардлагатай гэж ярьж байна. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Нам өөрийн гэсэн дүрэмтэй. Өнгөрсөн хугацаанд бид дүрмээ мөрдөж ажилласан ч алдаа гарсан. Тэгэхээр намын их хурлаар хамгийн түрүүнд дүрмээ өөрчлөх талаар хэлэлцэнэ. Эрх баригч намаас бусад нам, эвсэл монголчуудын 54 хувийн саналыг авсан хэрнээ эрх барих байгууллагад 14 хүнээ л “суулгаж” байна. 200, 300 жилийн турш ардчилал хөгжсөн АНУ-д гэхэд ардчилсан, консерватив үзэл баримтлалтай хоёр нам л үйл ажиллагаа явуулаад болж байна. Гэтэл манайд маш олон нам бий гэж иргэд шүүмжилдэг.

Тэгэхээр үзэл баримтлал, үнэт зүйлсээрээ нэгддэг намууд яагаад хүч, зорилгоо нэгтгээд явж болохгүй гэж. Ингэж тархай бутархай явснаас болж санал хуваагддагийг мэдэрлээ. “Шинэ” эвсэл 200 мянга гаруй хүн буюу найм орчим хувийн санал авсан нь ардчилсан намын үзэл баримтлалыг дэмждэг гишүүд сонголтоо тийшээ хандуулсныг үгүйсгэхгүй. Тэгэхээр тардаг биш, цугладаг бодлого барих нь зөв гэдгийг иргэдийн сонголт бидэнд хэллээ. Тиймээс нэгдэхгүй бол магадгүй дараагийн ялагдлыг хүлээх эрсдэлтэй.

-АН өнгөрсөн хугацаанд шинэчлэлийнхээ хүрээнд ямар ажил хийсэн бэ?

-Аливаа зүйл сайн ба муу гэсэн хоёр талтай. Бүх зүйл муу байсан уу гэвэл үгүй. Фракцууддаа нэр дэвших хүний тоо “өгөөд”, тэндээс хэнийг ч нэр дэвшүүлэхээр санал оруулсан ч хамаагүй дэмждэг байсныг болиулсан. Үйл ажиллагааны хувьд тогтворжиж, гишүүд рүүгээ чиглэсэн ажлуудыг одоо ч хийж байгаа.

Гэхдээ бидний хамгийн гол шийдлийг гаргаж байгаа хүмүүстээ энэ талаар ойлгуулж, ухааруулж, тэднийг “татах” шаардлагатай. Мөн намын, аймаг, нийслэл, сум, дүүргийн АН-ын даргын сунгааг хийж, сонгодог нь буруу гэдгийг гишүүд маань хэлсэн. Сунгаа хийсээр байгаад намын гишүүдийн эвлэрлийг хадгалж чадаагүй гэдэгтэй санал нэг байна.

Ийм тогтолцоог Монгол Улсад хэрэгжүүлэх цаг арай болоогүй гэж үзсэн. Тэгэхээр энэ асуудлуудаа яаж шийдэх вэ гэдгийг орон нутгийн сонгуулийн дараа хэлэлцэнэ. Түүнчлэн бүгдээрээ хэлэлцэж, бодлогоо тодорхойлон, үүнд нийтээрээ хариуцлага хүлээх механизмд чиглэх нь зөв гэж хурлаар дүгнэсэн. Тэгэхгүй хэн нэгэн дарга ганцаараа шийдвэр гаргах нь алдаатай байдгийг харлаа.

-Сонгуульд ялагдал хүлээсэн бол удирдлага огцрохоос өөрөөр ямар нэг хариуцлага хүлээлгэдэг үү. Дэнчин, хураамж гэх зэргээр гишүүдийн хөрөнгө, цаг хугацааг үрсэн тал бий шүү дээ.

-Дүрмийн дагуу огцорно гэдэг нь хариуцлага. Аудит, санхүүгийн ажилтнууд намын хөрөнгө, мөнгө нь зөв зарцуулагдсан, эсэхэд дүгнэлт хийж байгаа. Мэдээж ийм хяналттай байх нь хэн хэндээ дараа нь хар дагуулахгүй. Тухайн үед зөв гэж бодож байсан шийдвэрийг хэрэгжүүлэхэд мөнгөө зарцуулсан байж болно. Өөр зүйлд зарцуулсан байна гээд хэн нэгэн яривал түүний мөрөөр аудитын дүгнэлтээ хийнэ.

-АН-ын даргын сонгуульд та өрсөлдөх үү?

-Үндсэн дүрэмд заасны дагуу намын өмнөх удирдлага намын даргад нэрээ дэвшүүлэх эрхгүй. Нэр дэвшигчдийг бүртгэдэг байгууллага нь дүрмээ мөрдөж, удирдлагыг дахин нэр дэвшүүлэхгүй.

-Өөр намаас, эсвэл бие даан нэр дэвшсэн хүмүүс АН-ын даргын сонгуульд нэр дэвших эрхгүй юү?

-Тийм. Энэ нь хариуцлагатай болгох, ёс зүйтэй байлгах үүднээс оруулсан заалт юм. Гэхдээ эргээд ярилцаж болох л асуудал. Нэгэнт дүрмээ шинэчилье гэдэг шийдвэр гарсан учраас заримыг нь хатуу, нөгөөг нь хүчингүй болгоё, сулруулъя гэх зэрэг санал гарах л байх.

ШИНЭ МЭДЭЭ