МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.08.21
Эдийн засаг, Худалдаа

Ж.Ганбаатар: Жижиг дундын салбар бол төр анхаарч үзэж, бойжуулах ёстой салбар

Өнөөдөр /2020.08.21/ УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаанаар 2020 оны Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар жижиг дунд үйлдвэрлэлийн салбарыг агентлаг байгуулаад орхих биш цаашид онцгой анхаарч, бойжуулах ёстой салбар болохыг сануулав.

Ж.Ганбаатар: Аж ахуйн нэгжийн зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагыг тодруулмаар байна. Хугацаа өөрчлөгдөх, бичиг баримтыг цахимжуулах зэрэг шалтгаанууд харагдаж байна. 

Жижиг дундын агентлаг байгуулагдаад тусдаа үйл ажиллагаатай болно гэж байна. Үүнийг яг яаж анхаарч цааш нь авч явах вэ? Жижиг дундын салбар тэтгэвэр авч байгаа ахмадуудтай адил төр анхаарч үзэж, бойжуулах ёстой салбар. Чиглэлийг нь гаргаж өгөөд орхих зүйл биш. Хүмүүсийн хөдөлмөрлөх сонирхлыг дээшлүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, төрийн анхааралдаа авах ёстой хамгийн гол салбар. Би 3 жилийн турш ярьж байна. Хууль батлагдаад агентлаг байгуулагдсан нь баярлууштай ч төр анхаарч бойжуулах ёстой. Иргэд зөвхөн төрийн байгууллагад ажиллах биш өөрөө хөдөлмөрлөөд монголын нийгэмд амьдрах боломж олгогдлоо гэдгийг ойлгох ёстой. Байгуулсан агентлагаа анхаарч, өмнө нь гарсан алдаа дутагдлуудыг засаад явахыг Сангийн сайдад хүсье.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Төсвийн алдагдлын хэмжээтэй холбоотой заалтыг түр түдгэлзүүлсэн хуулийг өргөн мэдүүлсэн. Төсвийн тогтвортой байдлын хууль дээр эдийн засгийн өсөлт, цар тахал зэрэг онцгой байдал нь эдийн засгийн ДНБ-ий 5 хувиас доошгүй бол төсвийн тусгай шаардлагуудыг хангахгүй байж болох хуулийн заалт оруулсан. Гэтэл УИХ-ын Тамгын газар дээр түр түдгэлзүүлэх саналыг оруулахыг хүссэн. Тиймээс бид энэ саналыг хүлээж авч, өөрчлөлт хийсэн. 

Аж ахуйн нэгжийн зөвшөөрлийн тухай хуулийн хувьд бид цахим шилжилттэй холбож үйлчилгээг хялбаршуулах зорилготой. Зөвшөөрлийн асуудлыг цахим болгохтой холбоотой өөрчлөлтүүдийг хуулинд оруулсан. 

Жижиг дундын агентлагийг өөр сайд хариуцаж байгаа. Агентлагийн үйл ажиллагаа нь цэгцрээд, үр дүн нь гараад, нөөц бололцоогоо сайн ашиглаасай бодож байна. Жижиг дундын сантай холбоотой байгаа хөрөнгө нь 614,1 тэрбум. Үүнээс тус санд 250,1 тэрбум олгогдсон байна. ЖАЙКА-гийн ЖДҮ-г дэмжих, байгаль орчинг хамгаалах 2 үе шаттай зээлийн мөнгө болон 118,4 тэрбум мөн нэмэгдэнэ.

Ж.Ганбаатар: Хариуцах сайдыг мэдэж байгаа. Харин Сангийн яамны зүгээс 2021 оны төсөв дээр ЖДҮ-гийн асуудлыг дэмжих зүгээс асуусан. Татварын бааз сууриа тэлэх тал дээр энэ салбар танд маш том тус болно. Ирээдүйд энэ салбараас хэдэн зуун мянган ажлын байр бий болгосон бизнесүүд гарна.

ШИНЭ МЭДЭЭ