ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Щвейцарийн хөгжлийн агентлагийн иргэдийн оролцоо төслийн зохицуулагчийг хүлээн авч уулзлаа
2020.08.20
Гадаад харилцаа

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Щвейцарийн хөгжлийн агентлагийн иргэдийн оролцоо төслийн зохицуулагчийг хүлээн авч уулзлаа

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хууль зүйн салбарт хэрэгжиж байгаа төслийн удирдагч нартай уулзалт зохион байгууллаа. Энэ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яам, Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтарсан Иргэдийн оролцоо төслийн зохицуулагч Д.Сүнжидийг хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтын эхэнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар төслийн чиг үүргийг Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй хэрхэн уялдуулах, цаашид төслийн багтай түлхүү хамтарч ажиллах  талаар төслийн зохицуулагчтай санал солилцлоо.

Коронавирус цар тахлын аюулаас шалтгаалж ихэнхи улс оронд эдийн засгийн хүнд нөхцөл байдал үүсээд байгаа. Тэр дундаа манай улс шиг гадаад худалдаанаас эдийн засгаа бүрдүүлдэг улс орнуудад хилийн хорио цээрийн дэглэмийн үед эдийн засаг хүндрэх нөхцөлтэй байна. Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэл цаашид хоёр, гурван жил үргэлжлэх төлөвтэй байгааг судлаачид хэлж байгаа. Иймд бидэнд тусламж, дэмжлэг үзүүлж байгаа гадны донор байгууллагуудтай Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг зайлшгүй уялдуулах шаардлага байгааг салбарын сайд онцлов.

Төслийн зохицуулагч Д.Сүнжид Монгол Улсад хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн тухай Хууль зүй, дотоод хэргийн сайдад танилцууллаа. Щвейцарийн хөгжлийн агентлагийн Монгол дахь суурийн төлөөлөгчийн газар 2004 онд байгуулагдсан. Агентлаг одоогоор Монгол Улсад гурван хөтөлбөрийг хэрэгжүүлээд байна. Тухайлбал, ЗГХЭГ, ХЗДХЯ, НЗДТГ-тай хамтарч засаглалыг дэмжих төвлөрлийг сааруулах төслийг 2017 оны 5 сараас эхлэн хэрэгжүүлж байна.  Уг хөтөлбөр нь 2022 оныг дуустал хууль тогтоомжийн төсөл, олон нийтэд танилцуулах, мэдээллийн ил тод байдлыг бий болгох гэсэн гурван үндсэн бүрэлдэхүүнээр хэрэгжих юм.

Щвейцарийн хөгжлийн агентлагаас нэг цонхны үйлчилгээ төслийг Монгол Улсад нутагшуулах ажилд Хууль зүй, дотоод хэргийн сайд гар бие оролцож байснаа дуулгаад,  энэхүү төсөл төрийн байгууллагын үндсэн бүтэц болтлоо үр дүнтэй хэрэгжсэн болохыг онцолсон юм. Төслийн хүрээнд ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлийн хичээл оруулах, хэрэгжүүлэх ажилд Хууль зүй, дотоод хэргийн яам хамтарч ажиллахаар боллоо. Бүх нийтийн эрх зүйн боловсрол олгох уг ажлыг тус яамны харьяа Дотоод хэргийн их сургуулийн эрдэмтэн, судлаач багш нартай хамтарч улс орон даяар хэрэгжүүлэх хүсэлтийг салбарын сайд хэллээ.

ШИНЭ МЭДЭЭ