2020.08.26
Батлан хамгаалах, Аюулгүй байдал
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр /2020.08.26/ хуралдлаа. Хуралдаанаар Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар “Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх талаар Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон гадаад байгаа иргэдийг татан авах” ерөнхий нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Уг мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд Улсын онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар болон Улсын онцгой комиссын гишүүдээс асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн:
“Цар тахлын аюултай энэ нөхцөл, цаг үед Засгийн газар, УОК маш сайн ажиллаж байна. Хүн ам цөөн, өндөр технологи төдийлөн хөгжөөгүй манай орны хувьд энэ өвчин оршин тогтнохын аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж байна. Ороод ирвэл яах вэ, Хүн ам цөөн улсын хувьд оршин тогтнох уу эс орших уу?-гийн асуудал үүснэ. Ийм нөхцөлд ажиллаж байгаа Засгийн газар, онцгой комисст их туршлага болж байгаа. Энэ цар тахлын ард бид гарч л таарна. Энэ үед ажилласан нөхцөлдөө дүгнэлт хийх хэрэгтэй. Үүнээс ч хор хөнөөлтэй нөхцөл үүсвэл бид яах вэ гэдгээ дүгнэж, төрийн бодлогоо боловсруулах ёстой. Тухайлбал ийм нөхцөлд үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын яг ийм нөхцөлд ажиллах чиг үүргийг хуулиар тогтоох ёстой. Энэ бол эрсдэл рүү ордог нөхцөл. Тушаал, гүйцэтгэл л явдаг. Үүнийг хуулиар хангах ёстой.
Түүнчлэн ийм нөхцөлд хариуцлага, урамшуулал, нийгмийн баталгааг нь яах вэ гэдгийг бодох ёстой. Хариуцлага хэд дахин хатуу байж, урамшуулал нь мөн адил нийгмийн баталгааг нь хангахуйц байх ёстой. Ямар нэг байдлаар тушаалаар эрсдэл рүү орж байгаа хүний нийгмийн баталгааг төр хангаж өгөх. Магадгүй цалин хангамжийг ердийн үеийнхээс хэд дахин нэмэгдүүлж өгдөг. Ажилласан жилийн хугацааг нэмж тооцох арга байж болохгүй юу? ЭМ-ийн байгуулагын ажилтнууд энгийн байгууллагад ажилладаг. Ийм нөхцөлд эмч нараа төрийн тусгай алба болгон тооцох ёстой гэж бодож байна.
Мөн ийм онцгой нөхцөл үүссэн үед лацыг нь задалдаг нөөцийн сантай болох ёстой. Энэ сангийн эх үүсвэр тогтвортой, тогтмол баяжиж байдаг байх ёстой. Үүнийг цаашид бид бодох ёстой. Эдгээр чиглэлд эрх зүйн акт боловсруулах чиглэлд УОК-той санал солилцвол яасан юм бэ гэдэг саналыг би уламжилж байна. Одоо бидэнд Гамшгийн тухай, Онцгой байдлын тухай хууль л бий. Эндээс яг өнөөгийн нөхцөл байдлыг ялгаж үзэхэд төвөгтэй байгаа. Тиймээс хуульчилж, эрх зүйн орчныг бий болгох шаардлагатай юм.”