2020.10.08
Эдийн засаг, Худалдаа
Ерөнхий хэлэлцээрээр 50.8 сая еврог төсвийн дэмжлэг болон техникийн туслалцаа авна
Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын Засгийн газар, Европын холбоо хоорондын “Европын хөгжлийн сан болон Европын холбооны нэгдсэн төсвөөс санхүүжих төслүүдэд үйлчлэх Монгол Улсын татварын болон гаалийн зохицуулалтын тухай” ерөнхий хэлэлцээрийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Монгол Улсын Засгийн газар, Европын Комисстой 2014-2020 онд хамтран ажиллах хөтөлбөрийн хүрээнд 50.8 сая еврог төсвийн дэмжлэг болон техникийн туслалцаа хэлбэрээр хүлээн авахаар хоёр талаас тохиролцож, Санхүүжилтийн хэлэлцээрийг 2020 оны тавдугаар сарын 29-ний өдөр гарын үсэг зурж, байгуулсан. Төсвийн дэмжлэгийг төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах болон хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээнд зориулан буцалтгүй тусламж хэлбэрээр олгох юм.
Буцалтгүй тусламж олгохтой холбогдуулан “Европын хөгжлийн сан болон Европын Холбооны нэгдсэн төсвөөс санхүүжих төслүүдэд үйлчлэх Монгол Улсын татварын болон гаалийн зохицуулалтын тухай ерөнхий хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газар, Европын Холбоо хооронд 2020 оны зургадугаар сарын 29-ний өдөр байгуулсан.
Энэхүү хэлэлцээр нь Европын Холбоо тусламж олгож буй улсуудтай байгуулдаг жишиг хэлэлцээр бөгөөд хэлэлцээрийн гол зорилго нь Европын Холбооны нэгдсэн төсвөөс бүхэлдээ, эсхүл хэсэгчилсэн санхүүжилтээр Түншлэгч оронд хэрэгжиж байгаа аливаа төслийн үйл ажиллагаанд ногдуулах гаалийн татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар болон бусад ижил төрлийн татвар хураамжаас чөлөөлөх юм.
ШИНЭ МЭДЭЭ
Төсөвт тавьсан хоригийг хэлэлцлээ
2024.11.22
“Хуулийн цаг” УИХ-ын дарга Г.Занданшатар
2024.05.15
Онцлох зочин: УИХ-ЫН дарга Г.Занданшатар
2024.04.09