2020.10.16
Эдийн засаг, Худалдаа

Г.Амартүвшин: Төрийн үйлчилгээг цахимжуулахтай холбоотой төрийн албаны зардал буураагүй байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.10.16\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд хуулийн төслийн санаачлагчидаас асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин зарим асуултыг асуулаа

Засгийн газар "E-Mongolia Хөтөлбөр"-ийн 10 хоногийн өмнө танилцуулж, хэрэгжүүлж эхэлсэн. Төрийн үйлчилгээг цахимжуулах нь маш чухал ач холбогдолтой төсөл. Гэхдээ ийм том, ач холбогдолтой төслийн ач холбогдлыг би төсөв дээр сайн олж харахгүй байна. Хэрвээ төрийн үйлчилгээг цахимжуулж байгаа юм бол төрийн албан хаагчдын тоо хангалттай буурахгүй байна гэж би харж байна. Үүнтэй холбоотой зардал төсөв дээр буураагүй байна.  Тэгэхээр бид ийм том төслийг зоригтой хэрэгжүүлж байгаа бол эдийн засгийн үр өгөөж нь тодорхой баймаар байна. Энэ талаар тодруулж өгөөч.

Хоёрдугаарт, бид нийслэл хотын түгжрэлтэй өдөр тутам тулгарч байна. Түгжрэлийг бууруулах талаар төсөвт ямар зардал, хөрөнгө оруулалт туссан вэ? Түгжрэлийг шийдэхгүй бол бид дунд хугацаандаа маш хүнд байдалд орно. Эдийн засгийн хөгжилд маш хор нөлөө үзүүлнэ. 

Гуравдугаарт, Зарим нэг хөрөнгө оруулалт, ялангуяа орон нутгийн зарим хөрөнгө оруулалтыг хойшлуулах шаардлагатай гэж харж байна. Мөнгө ховор байгаа энэ үед эдийн засгийн үр ашиггүй төслийг хойшлуулах хэрэгтэй. Орлого олдог төслүүд дээрээ төвлөрч ажилламаар байна. Хөрөнгө оруулалтын зардлаа тооцохдоо эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг хэрхэн тооцдог юм бэ Сангийн яам?

Эцэст нь, Төрийн өмчийн компаниудыг хувьчлах тухай өмнө нь бид ярьсан. Гэхдээ энэ Төсвийн төслөөс харахад төрийн өмчийг хувьчлахгүй юм байна гэж харж байна. Уг нь бид ашиггүй ажиллаж байгаа төрийн өмчийн компаниудыг хувьчлах нь ашигтай санагдаж байна. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ