Мах бэлтгэл, махны үйлдвэрлэл түүний орчин, нөхцөл, чанарын хяналт, шалгалт хийх ажлын хэсэг байгууллаа
2020.10.20
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Мах бэлтгэл, махны үйлдвэрлэл түүний орчин, нөхцөл, чанарын хяналт, шалгалт хийх ажлын хэсэг байгууллаа

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2020.10.20) хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Мах бэлтгэл, махны үйлдвэрлэл түүний орчин, нөхцөл, чанарын хяналт, шалгалт хийх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцлээ.

  • Уг асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн махны үнийн хязгаарлалттай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлж, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаас асуулт асууж хариулт авсан юм.
  • Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир дээрх Ажлын хэсгийг байгуулж буй асуудлыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Мөн тэрбээр махны экспортоос багагүй хэмжээний орлого бололцоотой талаар тоо баримт дурдан, мах экспортлох квотыг аймгуудаар хуваарилах саналыг хэллээ.
  • Малын халдварт өвчний голомтот аймгуудаас, мал аж ахуйн эрүүл бүс нутгуудад мал оторлох асуудалд онцгой анхаарал хандуулах саналыг Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин хэлж байв. Түүнчлэн махны экспортод малын халдварт өвчний голомтот бүсүүдийнхээ асуудлыг шийдвэрлэх, малын эрүүл ахуйн асуудалд онцгой анхаарах, малын дайвар бүтээгдэхүүний боловсруулах, экспортлох асуудлаар санал хэлэв.

Ингээд Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолыг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1 хувь нь дэмжив.

Мах бэлтгэл, махны үйлдвэрлэл түүний орчин, нөхцөл, чанарын хяналт, шалгалт хийх үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал, Б.Бейсен, Г.Дамдинням, Г.Мөнхцэцэг, Т.Энхтүвшин нар ажиллахаар боллоо.

ШИНЭ МЭДЭЭ