2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2020.10.21
Эдийн засаг, Худалдаа

2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Хуралдаан  Засгийн газраас 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхээр үргэлжлэв.

Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хууль Улсын Их Хурлын 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар батлагдсаныг Сангийн сайд танилцуулгадаа онцлоод уг хуулиар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны тэнцвэржүүлсэн орлогыг 11 их наяд 797.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 27.9 хувь, нийт зарлагын дээд хэмжээг 13 их наяд 951.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 33.0 хувь, хөрөнгийн зардлыг 3 их наяд 647.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 8.6 хувь, нийгмийн халамжийн нийт зардлыг 824.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 2.0 хувь  байхаар тус тус тооцож, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл -2 их наяд 153.7  тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувийн алдагдалтай байхаар баталсан гэв. 

Монгол Улсын Засгийн газраас дэлхий нийтийг хамарсан коронавируст халдвар цар тахлын үед авч хэрэгжүүлж байгаа эдийн засгийг идэвхжүүлэх, иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжийг дэмжих бодлогын арга хэмжээг 2021 онд хэсэгчлэн үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаатай холбогдуулан нийгмийн халамжийн нийт зардлыг анх батлагдсан дүнгээс 566.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 1 их наяд 390.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 3.3 хувь, хөрөнгийн зардлыг анх батлагдсан дүнгээс 148.7 тэрбум төгрөгөөр бууруулж 3 их наяд 498.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 8.3 хувь байхаар өөрчилсөн болно.  

Харин төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ, нийт зарлагын дээд хэмжээ, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулиар баталсан хэмжээнд байхаар тус тус тооцсон болно гэж байлаа. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 75.0 хувь нь дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Амартүвшин чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. 

ШИНЭ МЭДЭЭ