МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.10.21
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Б.Баярсайхан: Соёлын тухай хууль нь Хүний хөгжлийн бодлоготой хэрхэн уялдах вэ?

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн /2020.10.21/ хуралдаан 14.00 цагаас эхэллээ. Хурлын эхэнд Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хуулийн төслийг Соёлын сайд С.Чулуун танилцуулсан бөгөөд УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАЯРСАЙХАН АСУУЛТ АСУУЛАА.
  1. Иргэд соёлын чиглэлээр өөрийгөө хөгжүүлэх, ашиг орлого олох, соёл үйлдвэрлэх эрхээ хамгаалуулах ингэхдээ нөгөө иргэний эрхийг зөрчихгүй байх зэрэг зах зээлийн өрсөлдөөн шударга байдлын талаар зохицуулалт дутмаг байна. Та нар юу гэж харж байна вэ? 
  2. Монгол Улсад бусад улсын соёл хүч түрэн нэвтэрч  түүнд залуу үе татагдан дагах явдал газар авч байгаа төдийгүй, хотжилт хүн амын төвлөрөл нь үндэсний язгуур урлаг, соёлыг уусган өөрчлөх хандлага бий болж байна гэж бичсэн байна. Үүнийг би бүрэн дүүрэн дэмжиж байна. Гэхдээ үүнийг хамгаалж, зохицуулсан зүйл шинэ хуулинд байхгүй байна. 
  3. Хуулинд соёл гэдгийг өргөн утгаар нь харсан гэж байгаа. Гэхдээ нүүдлийн соёл гэсэн Монгол орны онцлог нэр томъёог оруулж явах саналтай байна.
  4. Цахим орчин, цахим суваг гэсэн ойлголт соёлын хуулинд тусгагдаагүй байна. Телевиз, ном, сонин сэтгүүл гэхээс илүү сошиал, цахим орчин хамгийн их түгээгдэж байна. Энэ тухай соёлын хуульд тусгагдах ёстой гэж харж байна.
  5. Иргэн, аж ахуйн нэгжийн соёлын эрх, үүргийн заалт энэ хуульд байхгүй байна. Үүнийг оруулах ёстой. 
  6. Соёлын мэргэжлийн холбоодын талаарх зохицуулалт байхгүй байна. Соёлын талаарх үйл ажиллагааг дан ганц төрийн байгууллага, төрөөс байгуулсан байгууллага явуулах нь учир дутагдалтай. Төрийн зарим чиг үүргийн мэргэжлийн холбоодод шилжүүлж өгөх нь олон сайн талтай байдаг. 
  7. Соён гэгээрүүлэх ажил нийгэмд дутагдаж байна. Нийгмээрээ доройтолд орсон, салбар бүрт ёс зүйг сайжруулахыг шаардсан 30 жилийнхээ хөгжлийг дүгнэсэн цаг байна. Энэ тал дээр соёлын салбар хуулиндаа зохицуулалт оруулах, нийгмийн зайлшгүй шаардлага байна.
Түүний асуултад Соёлын сайд С.Чулуун хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ