МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.10.27
Эдийн засаг, Худалдаа

Б.Баярсайхан: Хүний хөгжлийн цогц бодлогыг боловсруулах чиглэлд 2021 оны төсөвт хөрөнгө тусгасан уу?

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр /2020.10.27/ хуралдлаа. Хуралдааны эхэнд Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:

"ХНХ-ын сайд А.Ариунзаяа сайд, БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн нараас асуулт асууя. 

2021 онд ХНХЯ-д "Хүний хөгжлийн цогц бодлого" боловсруулах том зорилго орж ирсэн. 2021 оны төсөвт үүнтэй холбоотой хөрөнгө төсөвлөж тусгасан уу? 

Өнөөдөр хэрэгжиж байгаа хуулиуд аль нь уялдаагүй, аль нь хэрэгжихгүй байгаагаас болж бид хүнээ хөгжүүлж, хүнээ хайрласан бодлого хэрэгжүүлж чадахгүй байгаа юм бэ гэдэг асуудал байгаа. Тиймээс маш олон хэлэлцүүлэг, салбар салбарыг оролцуулсан томоохон ажил энэхүү цогц бодлогыг боловсруулахад хийнэ гэж харж байгаа. Ажлын хэсэг ч байгуулагдаагүй байна. Үүнийг тайлбарлаж өгнө үү?

2019 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэх үеэр үр дүнгийн гүйцэтгэл ямар байсныг асуусан. Гэр бүл хүүхэд залуучуудын газраас мэдээлэл одоог хүртэл өгөөгүй байна. Бид лобби бүлэг байгуулаад хүүхэд хамгааллын чиглэлд төсвийг бууруулахгүйгээр ажиллаж байна. Иймээс ирэх жилд шинэ хийх ажил төлөвлөгдсөн үү? Үүнд ямар төсөв хөрөнгө оруулалт тусгасан бэ? Хүүхэд хамгааллын зардлыг үр дүнгийн гүйцэтгэлээр нь үнэлдэг болох ёстой. Хувийн байгууллагууд ч аливаа ажлаа үр дүнгээр нь тооцож төлөвлөдөг. Хүүхэд хамгааллын ажилд хөрөнгө зарцуулдаг. Мөнгөгүйгээр хийдэг ажил ч бий. Тиймээс 2021 онд энэ чиглэлд хийхээр төлөвлөж байгаа шинэчлэлийн ажил бий юу?"

БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэнгээс асууя. 

"Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн Боловсролын хэсэгт 2.3.11 дээр СӨБ, ЕБС-ийн Биеийн тамир, Урлагийн хичээлийн агуулгыг сайжруулж, бүх сургуулиудын шаардлагатай хөгжмийн зэмсэг, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангана гэж тусгасан. Үүний зардал 2021 оны төсөвт тусгагдсан уу? 

Яслийн үйл ажиллагааг 2021 онд эхлүүлэх үү? Төсөвт хэрхэн тусгагдсан бэ?"

Түүний асуултанд салбарын сайд нар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ