МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.10.28
Эдийн засаг, Худалдаа

С.Одонтуяа: Хэлмэгдэгсдийн нөхөн төлбөрийн санхүүжилтийг төсөвт зайлшгүй суулгах ёстой

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2020.10.28/ хуралдаж, Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүд ийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

"Би ХЗБХ-ны гишүүн биш хэдий ч УИХ-ын дэд даргын хувьд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах хороог тэргүүлэн ажилладаг. Энэ хүрээнд одоо хэлэх саналыг минь саналын томъёоллоор хэлэлцээд явах үед УИХ-ын гишүүд дэмжиж өгөөсэй гэж хүсэж байна.

1998 онд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, нөхөн олговор олгох хууль батлагдсан. 2018 онд нэмэлт, өөрчлөлт оруулж цаазаар авах ялаар шийтгэгдсэн хэлмэгдэгчид нөхөн олговорт 80 сая, хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчид 40 сая төгрөгийн нөхөн олговор олгохоор хуульд заасан. Энэ хуулийн үйлчлэх хугацаа 2020 оны 12 сарын 31-ээр дуусаж байна. Үүнээс цааш нэмж өргөдөл авахгүй. нөхөн олговорын асуудал төсвийн хуулиас хасагдсан байна. Энэ хорооны үйл ажиллагаанд хүндрэл учруулж байна. Хамгийн өндөр настан 94 настай хүн байна. эдгээр хүмүүс нөхөн олговороо авч байж үхмээр байна гээд өдрийн бодол шөнийн зүүд болж байна. Насны дээд эрэмбээс эхлээд олгодог. Тиймээс энэ асуудал хүнд байдалд биднийг оруулах нь ээ.

Өнөөдөр Сангийн яаманд 702 нэхэмжлэгчийн 32,8 тэрбум төгрөгийг суулгаж өгөх саналыг өгсөн. Гэтэл 5,4 тэрбум төгрөг суулгасан байна. Энэ бидэнд хүндрэл учруулна. Иргэд жагсах хэмжээнд хүрдэг. Зарим иргэд нас барсан тохиолдолд үр хүүхдүүд нь холбогдож хүнд байдалд оруулдаг. Тиймээс ядаж нийт төсвийн тал хувийг нь зайлшгүй шийдэж өгөх хэрэгтэй байна. Бидэнд тэвчиж болох зардал их байна шүү дээ. Чингис хааны музей ч юм уу? үүнийгээ тэвчээд энэ ядарсан ард иргэдийнхээ асуудлыг шийдмээр байна. Эдгээр хүмүүст удаан хүлээх хугацаа үлдээгүй болохоор би хэлж байгаа юм. Монгол Улс, монголын төр олон хүнийг хэлмэгдүүлчээд мөнгийг нь өгөхгүй тэд нас барвал бид яах вэ?"

ШИНЭ МЭДЭЭ