2020.11.06
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
“Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний эрх зүйн шинэчлэл” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ
Хэлэлцүүлгийг УИХ-ийн гишүүн С.Чинзориг нээж үг хэлсэн бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний эрх зүйн шинэчлэл” хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Төрийн болон нийгмийн түншлэл, төрийн бус байгууллагууд, Гадаадаас ажиллах хүч авч байгаа болон гадаадад ажиллах хүч гаргаж буй аж ахуйн нэгж байгууллагын төлөөллүүд оролцлоо.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар мэдээлэл өгөв. Мөн Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний эрх зүйн шинэчлэлийн талаарх танилцуулга хийв.
Хэлэлцүүлгээр Аж ахуйн нэгж байгууллагын төлөөллүүд хөдөлмөрийн зах зээл болоод ажиллах хүчний тулгамдаж буй асуудлаар санал бодлоо хуваалцаж, хэлэлцсэн юм. Тухайлбал, ажилтнуудын ур чадвар дутмаг, цалин буусны маргааш ажилдаа ирдэггүй, хариуцлагагүй ханддаг зэргээс сөрөг асуудал үүсдэг тул энэ тал дээр анхаарал хандуулах шаардлагатайг дурдаж байв. Мөн гадаадад гаргах ажиллах хүчний квотыг ямар компани авсан, хэрхэн үйл ажиллагаагаа явуулж байгаа, ажил хайгч иргэн өмнө нь хаана ажиллаж байсан, яагаад ажлаасаа гарсан зэрэг мэдээллийг ил тод, нээлттэй болгох зэрэг хөдөлмөрийн зах зээлийг цахимжуулах ажлыг дэмжиж буйгаа илэрхийллээ.
Монгол Улс дахь хөдөлмөрийн зах зээлийн статистик мэдээллээр Монгол Улсын 3.3 сая хүн амын 1.3 сая нь ажиллах хүч, 1.2 сая нь ажиллагчид, 83.6 мянган ажилгүй иргэн байгаа. Ажилгүйдлийн түвшин 2020 оны 9 дүгээр сарын байдлаар 6.6 хувьтай байна.
Мөн ажил олгогчдоос зарласан ажлын байрны захиалгын тоо сүүлийн 3 жилийн байдлаар 2018 онд 64478, 2019 онд 71124, 2020 оны 10 сарын байдлаар 42433, харин 2018 онд 24964, 2019 онд 20761, 2020 оны 10 сарын байдлаар 17829 иргэн ажлын байранд зуучлагджээ.
Тоо мэдээллээс харахад ажилгүй иргэдийн тоо, зарлагдсан ажлын байрны тооны зөрүү бага байгаа нь ажилгүйдлийн түвшинг тодорхой хэмжээгээр бууруулахаар харагдаж байна. Гэсэн ч бодит байдал дээр ажилгүйдлийн түвшин бидний хүлээсэн хэмжээгээр буурахгүй байгааг ажил олгогчид мэргэжлийн болон ур чадварын, хөдөлмөрийн сахилга батын талаарх шаардлага, нөхцөлийг ажилгүй иргэд хангаж чадахгүй байгаатай холбон тайлбарлаж байсан юм.
Энэ болоод Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний эрх зүйн шинэчлэлийн эргэн тойрондох асуудлаар санал бодлоо хуваалцаж цаашид салбар хэлэлцүүлэг зохион байгуулан саналаа нэгтгэж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулахаар болов.