МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг цахим хэлбэрээр зохион байгууллаа
2020.11.13
Эдийн засаг, Худалдаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг цахим хэлбэрээр зохион байгууллаа

Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.11.13) нэгдсэн хуралдаан 14 цаг 04 минутад цахимаар эхэлсэн юм. Нэгдсэн хуралдааны ирцэд 68 гишүүн цахимаар бүртгүүлээд байгааг хуралдаан даргалагч гишүүдэд мэдээлэв.

Улсын Их Хурлаас 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр шинэчлэн найруулж баталсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Онц байдал, дайн бүхий болон дайны байдал зарласан, Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлд Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн, энэ хуульд заасан зарчмыг баримтлан асуудлыг хялбаршуулсан болон цахим хуралдааны дэгээр хэлэлцэж болно” хэмээн заагаад хуулийн 7 дугаар зүйлд “Цахим хуралдаан” гэсэн шинэ зохицуулалтыг тусгай бүлэг болгож оруулсан.

Энэ үндсэн дээр чуулганы хуралдааныг цахим хуралдааны программ ашиглан зохион байгуулах бөгөөд цахим хуралдааны программ нь Улсын Их Хурлын гишүүд, ажлын хэсгийн гишүүд байршлаасаа үл хамааран дүрсээ харан нэгэн зэрэг сонсох болон ярих, санал өгөх боломжтой байхаар зохицуулсан.

Иймээс коронавирус /КОВИД-19/-ын халдварт цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газрын хуралдаанаас Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу тав хоногийн хугацаанд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр шийдвэрлэсний дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар Улсын Их Хурлын чуулганы хуралдааныг цахим хэлбэрт шилжүүлж, Улсын Их Хурлын гишүүд чуулганы хуралдааны "ИХ хуралдай" танхим болон байгаа газраасаа интернетэд холбогдсон гар утас, зөөврийн компьютер, iPad төхөөрөмжийн MyParliament программыг ашиглан ZOOM-ээр чуулганы нэгдсэн хуралдаанд оролцлоо.

Чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу гишүүн товлосон цагт цахим хуралдааны программын ирцэд бүртгүүлэн хуралдаанд оролцох үүрэгтэй. Тухайн өдрийн хуралдаан эхлэхэд цахим хуралдааны программд бүртгүүлсэн гишүүнийг хуралдаанд хүрэлцэн ирснээр тооцож, хуралдааны ирцэд бүртгэнэ.

Гишүүн хуралдаанд үг хэлж, байр сууриа илэрхийлэх, тайлбар хийх, асуулт асуухдаа цахим хуралдааны программын мэдээлэл солилцох хэсэгт бичвэр томьёоллоор мэдэгдэн дараалалд орж хуралдаан даргалагчийн зөвшөөрлөөр чанга яригч нээгдэхэд үг хэлж, асуулт асуухаар зохицуулсан.

Ингээд чуулганы цахим хуралдаанаар эхлээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүү, Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан танилцуулсан юм.

Засгийн газраас 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг энэ сарын 05-ны өдрийн чуулганы хуралдаанаар хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хороо энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийжээ.

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхэд эдийн засгийн үндсэн үзүүлэлтэд тусгагдсан Нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ 2021 онд 42.2 тэрбум төгрөгөөр нзмэгдэж, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 8.4 хувь болж, 0.1 хувиар нэмэгдэхээр, Нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу төсвөөс санхүүжүүлэх зардлын нийт хэмжээ 2021 онд 26.5 тэрбум төгрөгөөр буурч, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 3.2 хувь болж, 0.1 хувиар буурахаар байгааг Байнгын хорооны танилцуулгад дурджээ.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023-оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн хэмжээг 2021 онд 7.2 хувь, 2022 онд 4.4 хувь, 2023 онд 6.5 хувь байх, харин хэрэглээний үнийн өсөлтийн төвшинг 2021 онд 7.0 хувь, 20122, 2023 онуудад тус бүр 6.0 хувь байхаар тусгасан байна.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан “Их хуралдай” танхимаас Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат асуулт асууж тодруулан цаг үеийн нөхцөл байдал, шаардлагын үүднээс ажлаа шуурхайлахын тулд асуултаа таслаад төсвийн тухай хуулийн төслүүдийг шуурхай батлах нь зүйтэй гэж үзэж байна, шаардлага гарвал яваандаа төсөвт тодотгол хийх замаар зохицуулж болох юм гэсэн горимын санал гаргав. Мөн Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг дэгийн тухай хуульд заасны дагуу хуралдааныг хялбаршуулсан дэгээр явуулах тухай горимын саналаа бичгээр ирүүлсэн талаар хуралдаан даргалагч танилцуулсан юм. Ингээд Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, М.Оюунчимэг нарын гаргасан горимын саналаар санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон 65 гишүүний 46 нь буюу 70.8 хувь нь дэмжсэн тул хуралдааныг хялбаршуулсан дэгээр явуулахаар тогтов.

Цахим хуралдааныг Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан даргалж, хуралдааны хялбаршуулсан дэгийн дагуу гишүүдийн асуулт асуух, мөн асуултад хариулт тайлбар өгөх хугацаа нэг минут байхыг сануулсан юм.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Ц.Даваасүрэн, Х.Булгантуяа, Ж.Чинбүрэн, Х.Ганхуяг, Т.Доржханд, Б.Баттөмөр, Б.Жаргалмаа, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Сүхбаатар, С.Ганбаатар, О.Цогтгэрэл, Г.Мөнхцэцэг, С.Амарсайхан, Л.Энх-Амгалан, Б.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж, Ц.Туваан, Б.Энх-Амгалан, Г.Амартүвшин нар Сангийн сайд болон Төсвийн байнгын хорооны даргаас асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм. Асуулт асууж тодруулсан гишүүд Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн нөхцөл байдалд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааныг анх удаа бүрэн цахимжуулан явуулж байгааг онцолж байв.

Ингээд санал хураалт явуулахад чуулганы цахим хуралдаанд оролцсон 69 гишүүний 85.5 хувь нь буюу Улсын Их Хурлын нийт гишүүний олонх нь дэмжсэнээр Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлав.

ШИНЭ МЭДЭЭ