Нэг удаагийн бээлийг татвараас чөлөөлөх санал нэмнэ
2020.11.23
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Нэг удаагийн бээлийг татвараас чөлөөлөх санал нэмнэ

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төсөлд эмнэлгийн зориулалттай нэг удаагийн бээлийг нэмж оруулах ёстой гэж үзлээ.

Улсын хэмжээнд нэг удаагийн бээлийний нөөц дууссан, ялангуяа хөдөө орон нутагт олдоц муу, үнэ өссөн зэргийг анхаарах хэрэгтэйг гишүүд онцлоод, зарчмын хувьд Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжихээ илэрхийлсэн юм.

Учир нь цар тахал эрчимтэй тархаж улс орнууд хилээ хаах, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих зэрэг арга хэмжээ авч байна. Дэлхийн зах зээлд цагаан будаа, ургамлын тос, улаан буудай нийлүүлэх нь саарч үнэ нэмэгдсэн.

Манай улс ч дээрх хуулийн төсөлд тусгасан хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нөөцийг тогтвортой байлгах шаардлагатай гэж байлаа. Хуулийн төсөлд, бүх төрлийн хүнсний будаа, ургамлын тос, өвөл хаврыг хүндрэлгүй давахад шаардагдах өвс, бүх төрлийн малын тэжээл, тэжээлийн үр, хүнсний улаан буудай, улаан буудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөхөөр тусгажээ. 

Мөн хуралдаанаар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжихээ илэрхийлсэн ч зарим хууль зүйн техникийн болон утга найруулгын алдаа их, бусад хууль тогтоомжтой зөрчилтэй байгааг анхаарч үзсэн. Иймд эдгээр зөрчлийг засаж сайжруулаад хэлэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. 

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хуралдаанаа цахимаар зохион байгуулав.

ШИНЭ МЭДЭЭ