2020.11.24
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

С.Ганбаатар: Хувийн хэвшлийнхний түрээс, эрчим хүч, цалин хүчний асуудлыг төр шийдэх ёстой

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг хэлэлцэх, хяналт тавих, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хорооны хуралдаан эхэллээ.

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, саналаа хэллээ. 
УИХ-ын гишүүн С.Ганбаатар асуулт асуулаа:

Хамгийн гол нь орлого, ажилгүйдэл Монгол орон даяар нүүрлэсэн байна. Энэ асуудлыг шийдэх гэж төр байдаг. Ерөнхий сайдын хэлснээр дайнтай адилхан цар тахал болж байна. Дайны үед хүн зээлээ, хүүгээ төлөх гээд, түрээс, эрчим хүчээ төлөх гээд явдаггүй. Үүн дээр би ганц гаргалаа хэлээд байгаа.

Давтагдашгүй хүчин зүйл болчихоод байхад хувийн хэвшилд байгаа хүмүүсийн түрээс, эрчим хүч, цалин хүчний асуудлыг төр шийдэх ёстой. Үүнийг шийдэхэд Оюу-Толгойн алт, зэс маш өндөр үнэтэй зарагдаж байна. Зэс 7200 ээс дээш, өнгөрсөн жилээс алт 30 хувиас дээш гараад явчихлаа. Валютын зохицуулалтын хуульд яаралтай санал оруулж ирэх боломж Монголбанкинд байна уу? Өнөөдөр Орос улс цар тахлын үед хамгийн түрүүнд валютын зохицуулалтын хуулиа оруулж ирсэн. 

Нийгмийн даатгалын санд байгаа өнгөрсөн жилийн тооцоогоор 2.4 их наяд төгрөг үндсэндээ Монгол орон НД-даа шимтгэлээ хурааж авсан. Энэ орж ирж байгаа орлогыг барьцаалж хүмүүсийг ажлын байран дээр нь, хувийн хэвшилд ажилгүйдлийн даатгалыг өгөх ёстой. 

Түүний асуултанд Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн хариуллаа.

Валютын зохицуулалтын тухай хууль боловсруулагдаад дууссан байгаа. Өргөн барих ажил дээр явж байна. Үүнд зохицуулалт хийхэд боломжгүй зүйл байхгүй. Энэ чуулганы хувьд банкны тухай хууль, банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны хууль, он гараад санхүүгийн хэрэглэгчдийн хамгаалах хуулийн төслүүд өргөн баригдаад явна.

ШИНЭ МЭДЭЭ