МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.11.24

Б.Дэлгэрсайхан: Зээлийн хүүг буулгах боломж бол хадгаламжийг хүүгүй болгоод өгөх хэрэгтэй

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг хэлэлцэх, хяналт тавих, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хорооны хуралдаан эхэллээ.

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, саналаа хэллээ. 
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан асуулт асуулаа:

Аж ахуйн нэгжийн авсан арилжааны зээл хэдийгээр зээлийг нь царцаасан ч хүүгээ нэхээд байна гэсэн асуудал яригдаж байна. Онцгой цаг үед  хамгийн түрүүнд хадгаламжийн хүүгээ зогсоовол яах вэ? Тэгэхээр өртөг бүрдүүлж байгаа зээлийн хүү аяндаа буурчихна. Тийм учраас зээлийн хүү буугаад ирэхээр ядахдаа зогссон аж ахуй нэгжүүдэд арай хөнгөн тусна. Аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа таг зогссон гэдэг дээр онцгой анхаараад, зээлийн хүүг бууруулах тал дээрээ илүү ач холбогдол өгч ажиллах хэрэгтэй байна. Энэ нь хадгаламжийн хүүтэй уялдаж байгаа. Давтагдашгүй хүчин зүйлээ баримтлаад гурван сар эсвэл хагас жилээр хүүгүй болгочих хэрэгтэй байна. 

Арилжааны банкуудад гаднаас бага өртөгтэй мөнгө босгоход хууль эрх зүйн хувьд Монголбанкнаас яаж дэмжих гэж байна вэ? Ийм бололцоо боломж олон эх үүсвэрийг харах хэрэгтэй. Засгийн газар бүх юмыг даах чадвар байхгүй. Засгийн газар яасан гэж зээлийн хүүг даах юм. Зээлийн хүүг буулгах  боломж бол хадгаламжийг хүүгүй болгоод өгөх хэрэгтэй. Гадны орнуудад мөнгөө хадгалуулсны төлөө банк шимтгэл авдаг болоод байна. Манайд банк нь өөрөө оршин тогтнохын тулд хүү амлаад байгаа чинь буруу байна. 

Түүний асуултанд Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн хариуллаа.

Гадаадын орнуудын таны хэлсэн жишиг бол Монголын эдийн засгийн суурь үзүүлэлт, эдийн засгийн тогтолцоо гадаадын өндөр орнуудын эдийн засгийн тогтолцооноос өөр байдаг. Хамгийн гол нь инфляц, ханшийн сулрал хоёр дээр оноо алддаг. Тэр тухайд төгрөгийн зардал тэр дүнгээрээ хувирч, зардал болж гардаг. Гадны өндөр хөгжилтэй орнуудтай жиших нь бас хэр болов уу гэсэн бодолтой байна. 

ШИНЭ МЭДЭЭ