2020.11.27
Эдийн засаг, Худалдаа
М.Оюунчимэг: Бараа, бүтээгдэхүүний өссөн үнийг эргүүлж буулгахад ямар арга хэмжээ авах вэ?
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.11.27\ нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг /Засгийн газар 2020.11.20-ны өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг асуулт асуулаа.
Дотоодын үйлдвэрлэлд хөнгөлөлт оруулж ирж байгаа нь сайшаалтай юм. Миний гарт статистикийн хамгийн сүүлийн үеийн мэдээ байна. Эндээс харахад Алтантариа, Сүү, Атарталх, мах гээд 16 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ ханш өссөн үзүүлэлттэй гарсан байна. Харин импортынхоос ургамлын тосны нөөц багасснаас бусдаар гайгүй гарчээ. 16.5 хувийн эцсийн хэрэглэгчид очих үнээс хасагдаж очих ёстой.
Манайд гадаад зах зээл дээр барааны үнэ өслөө гэдэг юм уу эсвэл хомсдол үүслээ гээд бараа бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөчихдөг. Үүнтэй холбоотойгоор тодорхой арга хэмжээ аваад татварын татаас өгөөд байхад дараа нь өсгөсөн энэ үнээ буулгадаггүй эсвэл тогтвортой тэр чигээр нь үлдээдэг, эсвэл үнэ өсгөчихдөг. Тэгэхээр 16 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ ханш эргээд 16.5 хувийн хөнгөлөлт үзүүлсний дараа буух учиртай гэж харж байна. Үүнийг бууруулах тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ? Бидний хамгийн гол зорилго бол нэгд нөөцтэй байх, хоёрт үнэ нь тогтвортой байх. Өссөн бол эргээд татаас хөнгөлөлт үзүүлвэл буурч очих ёстой.
Хуулийн төслийн ХХААХҮ-ын сайд З.Мэндсайхан асуултанд хариуллаа.
Бид нар хүнсний аюулгүй байдал, нөөц, үнийн тогтвортой байлгах, үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангах тал дээр анхаарч байгаа. Үнийн өсөлтийн тал дээр Шударга өрсөлдөөн болон Мэргэжлийн байгууллагатай хамтраад ажиллана.