Б.Жаргалмаа: Хүний эрхийн хуулийн хэрэгжилтэд хяналт чухал
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2020.12.02/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийн төлөв байдал, жендэрийн ялгаварлан гадуурхалттай холбоотой гомдлын хянан шийдвэрлэлтийн талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын илтгэлийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:
Ажлын байр дахь бэлгийн дарамт гэхээсээ илүүтэй сошиал орчинд энэ дарамтын талаар яаж ярих ёстой вэ гэдэг дээр илүүтэй ярих цаг юм. Эмэгтэйчүүдийн ТББ-тай уулзахад Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх, хохирогчид үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой зардлыг батлах саналыг хэлж байсан. Батлагдсан хуулийг сурталчилах, мөрдүүлэх ажил маш дутагталтай байна гэсэн саналууд ирдэг. Хууль нь байгаа боловч хэрэгжилтийн байдал хангалтгүй байна гэж байна.
Гэр бүл хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх цагдаа, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч гэдэг орон тоог нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Хохирогчидод үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх боломжийг хуульчилах саналыг бидэнд ирүүлсэн байна.
Энэ бүхэн дээр бидэнд ажлын уялдаа холбоо хэрэгтэй байна. Хууль байлаа гэхэд анхан шатандаа хэрхэн яаж хэрэгжиж байгаа вэ гэдэг дээр хяналт тавихад ХЭҮК, УИХ-ын хийх ажил гэж харж байна. Энэ бүхэн дээр хамтран ажиллах зайлшгүй шаардлага байна гэдэг нь бидний өнгөрсөн ажлын үр дүнгээс харагдаж байна.