2020.12.03
Эдийн засаг, Худалдаа

Х.Болорчулуун: Хүнд байдлаас гарах гарц бол ногоон тэжээл тариалах юм

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.12.03/ нэгдсэн хуралдаанаар Нэмэгсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Уг хуулийн өөрчлөлтөөр Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын урьдчилан төсөөлөх боломжгүй нөхцөлд хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор бүх төрлийн хүнсний будаа /цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад/, ургамлын тос болон 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй давахад  шаардагдах бүх төрлийн малын тэжээл, өвс, тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг импортлоход нэмэгдсэн өртгийн албан татвараас, Монгол Улсын нутаг дэвсгэрт боловсруулсан ургамлын тос, бүх төрлийн хүнсний будааг /цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад/ нэмэгдсэн өртгийн албан татвараас тус тус чөлөөлөх юм. 

Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: 

"Бүх төрлийн хүнсний будаа /цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, малын тэжээл, өвс, хүнсний улаанбуудай, тослог ургамалыг НӨАТ-аас чөлөөлнө. Энэ бүхнийг дотооддоо хангаж чадахгүй байна л гэсэн үг. Бүх төрлийн хүнсний будааг хангаж чадахгүйг ойлгоно. Улаанбуудай бол цаасан дээр хөөстэй тоотой явж ирсэн шүү. Жил бүр 20-50% дутагдаж байсан. Нэг тонн улаанбуудай гаднаас 900 мянгаас 1 сая төгрөг рүү дөхөж орж ирэх гэж байна. Үүнийг дагаад гурилын үнэ өсөх байх. Энэ бодлогын алдаа гэхээс илүү байгаль орчинтой холбоотой. Газар тариаланг савандаа хийсэн хойноо л тоо хэлж, ургац авлаа л гэж ярихгүй бол болдоггүй салбар гэдгийг яам нь анхаарч ажиллаарай.

Өвлийн сар эхэлсэн. Ес эхлэхэд 20 хоног дутуу байхад малын тэжээлийн асуудал ярьж байна. Нэгэнт муудсан мал юу ч өгөөд тэнхэл авдаггүй. Бид цагтаа ОХУ-д жил бүр өвч, тэжээл экспортлодог байсан. Одоо өөрсдөө авна гээд сууж байна. Энэ бол гутамшиг. Олон аймгууд ямар ч хадлан авах боломжгүй болоод зүүн аймгууд рүү дайрч байна. Хүнд байдлаас гарах гарц бол ногоон тэжээл тариалах юм. Үүнийг бүр тариаланчдад албан даалгавар өгмөөр байгаа юм. Хүнд үед үүнийг нь төр хөнгөлөлттэй үнээр авдаг. Малчиддаа олгох хуультай. Үүн дээр салбарын яам анхаараарай."

Түүний асуултанд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ