УИХ-н чуулганы өнөөдрийн \2020.12.03\ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2020.11.23-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Зээлийн хэлэлцээртэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:
"Хүнд цаг үед орж ирж байгаа энэхүү Япон Улсын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийг батлахыг дэмжиж байна. Зарим гишүүд Монгол Улсын өр, зээлийн хэмжээ дурьдагдлаа. Энэ бол үнэн. Зээлийн хэдэн хувийн хэдийг нь сайныг муу болгож өр болгон хувиргасан бэ гэдэгтээ дүгнэлт хийх ёстой.
Энэ зээл дээр хийх ёстой гол зүйл бол зориулалтын дагуу, сахилга баттай, хариуцлагатай зарцуулах. Эргэн төлөгдөх үед үр өгөөжтэй зарцуулсан байхаар зарцуулмаар байна. 2024 онд эхний тайлангаа тавих юм байна. Энэ үед зарцуулалтын хариуцлага өндөр, маш тодорхой төлөвлөгөөтэй байхаар хийх ёстой.
Зээлийн зориулалт нь иргэдийн амьжиргааг дэмжих, эдийн засгийн идэвхжилийг сэргээхэд зориулагдахаар төсөлд дурьдсан байна. Тиймээс орлого багатай иргэд болон орлого хаагдсан, өдөр тутмын орлоготой иргэдэд зориулж, хэрэглээг нь дэмжихэд энэ зээлийг зарцуулах ёстой.
Өмнөх Засгийн газруудын ажиллаж байх үед авсан гадаадын зээл яагаад өнөөдөр Монгол Улсын хувьд өр болоод байна гэхээр бид зээлд хариуцлагатай ханддаггүй. Зарцуулалт, эргэн төлөлтөд сайн төлөвлөлт хийдэггүй. Ашиг сонирхлоо өмнөө тавьж, сахилга батгүй хүмүүсийн хариуцлагагүй ажилласны гайгаар өрийн хэмжээ ийм хэмжээнд нэмэгдсэн. Тиймээс гол нь хариуцлагатай, сахилгатай байж, зарцуулалт, эргэн төлөлтийн төлөвлөгөөг сайн хийх ёстой шүү."