“Хөдөлмөрийн ертөнцөд хүчирхийлэл, дарамтыг устгах” сэдэвт цахим хэлэлцүүлэг боллоо
Хөдөлмөрийн харилцааны хамгийн эмзэг, маргаантай асуудлын нэг болох ажлын байрны дарамт, хүчирхийллийн талаар Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны хүрээнд “Хөдөлмөрийн ертөнцөд хүчирхийлэл, дарамтыг устгах” сэдэвт цахим хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.
Хэлэлцүүлэгт УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо, УИХ дах “Хүчирхийллийн эсрэг лобби бүлэг”, “Эмэгтэй гишүүдийн бүлэг”, ХНХ-ын яам, Хүний Эрхийн Үндэсний Комисс, ОУХБ, НҮБ-ын Хүн амын сан болон бусад холбогдох байгууллагын төлөөллүүд оролцлоо.
2019 онд баталсан “Дарамт, хүчирхийллийг устгах тухай ОУХБ-ын 190 дүгээр конвенц”-д нэгдэн орох болон хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд УИХ-ын гишүүд болон холбогдох байгууллагын төлөөллүүд тус тусын саналаа хэллээ.
Өнөөдрийн байдлаар хөдөлмөрийн харилцаан дахь Жендэрт суурилсан хүчирхийлэл, дарамтад өртөгсдийн 90 гаруй хувь нь охид эмэгтэйчүүд байна. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 7 болон 8 дугаар зүйлүүдэд ажлын байрны дарамт, хүчирхийллийн талаарх заалтууд ОУХБ болон бусад холбогдох олон улс, дотоодын судалгаан дээр үндэслэгдэн тусгагдаж байна.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотойгоор хохирогчийг хамгаалах механизмыг боловсронгуй болгох, байгууллагын дотоод журамд бэлгийн дарамт, хүчирхийллийн заалтуудыг заавал суулгах, хуулийн төслийн мэдээллийг олон нийтэд сурталчлах, таниулах шаардлагатай гэдгийг онцлон хэллээ.
Мөн ажлын байрны орчин гэдэгт байгууллагын соёл, спортын арга хэмжээ, ажилчдын автобус унаа, амралт зугаалга гэх мэт хөдөлмөрийн харилцааны бүхий л орчныг өргөн хүрээнд авч үзэх ёстойг онцоллоо.
Цахим хэлэлцүүлгийн үеэр нийтийн соёлыг суулгах, бэлгийн дарамт, хүчирхийлэлтэй холбоотой хэвшмэл ойлголтыг өөрчлөх тал дээр ажиллах хэрэгтэй гэдэгт бүх оролцогчид санал нэгдлээ. Ажлын байран дахь дарамт, хүчирхийллийг бууруулсанаар хувь хүн, гэр бүл, эдийн засагт маш их хувь нэмэр оруулах юм.