МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ц.Туваан: АН-ын дүрмийн өөрчлөлтийг онлайнаар хэлэлцүүлнэ
2020.12.09
Улстөр

Ц.Туваан: АН-ын дүрмийн өөрчлөлтийг онлайнаар хэлэлцүүлнэ

АН-ын Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийн төслийн ажлын хэсгийг О.Алтангэрэл ахалж байгаа бөгөөд өчигдөр дүрмийн төслөө АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч, УИХ-ын гишүүн Ц.Туваанд өгчээ. Намын дүрмийн нэмэлт өөрчлөлтийн талаар Ц.Туваанаас цөөн зүйлийг тодрууллаа.

АН Үндсэн дүрмийн өөрчлөлтөө хүлээж авч байна. Онцлох гол өөрчлөлтүүдээсээ сонирхуулаач?

Улс төрийн нам мөрийн хөтөлбөрөө дэвшүүлээд олонхиороо дэмжвэл ялалт байгуулаад боловсон хүчнээ томилоод бодлогоо хэрэгжүүлээд явдаг. Манай намын хувьд хоёр том ялагдал хүлээсэн учраас ямар нэгэн байдлаар шинэчлэл бус, эрс өөрчлөлт хийх шаардлагатай гэж үзсэн.

Гэхдээ намын дүрэмд бодит жишээ бий. Тодруулбал, дүрмийн 50-60-аас дээш хувь нь өөрчлөгдвөл шинэчилсэн найруулга, бага хэмжээний өөрчлөлт оруулбал нэмэлт өөрчлөлт гэдэг. Намын дүрмийн ажлын хэсгийнхэн ярилцаад, шинэчилсэн найруулга хийх шаардлагагүй, тодорхой хэдэн зүйл заалтыг өөрчлөөд хэрэгжүүлье гэж тохирсон.

Ер нь намын дүрмийг сайн эсвэл муу гэхээс илүүтэй хэрэгжүүлж буй даргаас их зүйл шалтгаалдаг. Өөрөөр хэлбэл, дүрмээ сахиж хэрэгжүүлбэл манай намын дүрэм тийм ч муу биш. Тэр ч утгаараа бид намын дүрэмд концепцийн хэд хэдэн өөрчлөлт оруулж байгаа. Тухайлбал, намын дотоод сунгаануудыг болиулж байна.

Сунгаа намын гишүүдийг дотор нь хагалж, задлах сөрөг талтай гэж үзсэн учраас шат шатанд нь тухайн шатыг хэн удирдахыг сонгох эрхийг нь өглөө. Мөн намын санхүүг бүхэлд нь шилэн болгож байна. Түүнээс гадна намын даргад дүрмээр олгодог эрх буюу намын хяналтын байгууллага, санхүүгийн хяналтын байгууллага, дотоод сонгууль зохион байгуулдаг байгууллагуудыг Намын дарга санал болгож, Их хурлаар батлуулдаг нь эрх ашгийн зөрчил үүсгэдэг учраас тухайн заалтыг хассан.

Намын дүрмийн яг хэдэн хувьд нь өөрчлөлт оруулсан гэсэн үг вэ?

Хувилж үзээгүй байна. Нэмэлт өөрчлөлт учраас 20-30 хувьд нь өөрчлөлт оруулсан гэж ойлгож болно

Намын дүрмийг намын Их хурлаараа баталдаг байх аа. Хэдийгээр хуралдахаар товлов?

Тийм. Эцэслэн батлах эрх нь намын Их хуралд байдаг учраас Их хурал хуралдаж байж шийдэгдэнэ. Өнгөрсөн сарын 16-ны өдөр Их хурлаа хуралдуулахаар товлож, бэлтгэлээ хангасан байсан ч “Ковид 19"-ийн хөл хорио тогтоосон. Цаашдаа бид кoвидтой зэрэгцэн амьдрах нь тодорхой болчих шиг боллоо.

Тиймээс гишүүд, анхан болон дунд шатны дарга нар, ҮБХ-ны гишүүд маань, жил дуусахаас өмнө татвар тайлангаа тавихаас гадна удаа дараагийн сонгуульд ялагдсан учраас намын дарга нар хариуцлага хүлээх асуудал байна. Энэ мэтчилэн тулгамдсан асуудал их байгаа учраас дүрмээ онлайн байдлаар хэлэлцэж, батлаач гэсэн санал хүсэлт тавьж байна.

Намын шинэ даргыг сонгох үйл явц шинэ дүрмээр явна гэж ойлгож болох уу?

Тэгнэ. Шинэ дүрэм маань намын Их хурлаар батлагдаад, Улсын дээд шүүхэд бүртгэгдсэн өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Тэр шинэ дүрмийн хүрээнд намын удирдлага сонгогдоно. Гэхдээ намын удирдлагыг сонгох ажлыг бодитоор хийх саналыг гаргаж байгаа.

Шинэ дүрмээр Их хурлын төлөөлөгчид сонгогдох, томилогдох зарчмаар бүрдэх бөгөөд намын их хурал, ҮБХ-оос өөрөөр шийдээгүй бол Нийслэлд дүүргийн хороо тус бүрээс хоёр, аймагт 10000-гаас дээш хүн амтай сумын баг бүрээс нэг, бусад сумдаас тус бүр нэг төлөөлөгч сонгох ба Намын дарга, ҮБХ, ДУХ, ДОСХ-ны гишүүд, намын дэргэдэх байгууллага тус бүрийн 10 хүртэлх тооны төлөөлөл томилогдохоор заасан. Харин намын даргын сонгуулийг хоёр үе шаттайгаар дүрмийн дагуу явуулж, дөрвөн жилийн бүрэн эрхтэйгээр сонгоно.

Ямар хоёр үе шат юм бол?

Үндсэн дүрмийн 5.17.8-д зааснаар намын дарга чөлөөлөгдсөн бол ҮБХ-ны хуралдаанаас 30 хоногийн дотор намын даргад нэр дэвшигчдийн дунд эхний шатны өрсөлдөөнийг явуулж санал хураан хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг намын Их хуралд өргөн мэдүүлж хэлэлцүүлэхээр заасан.

Сэтгүүлч: З.Сүхээ

ШИНЭ МЭДЭЭ