2020.12.09
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
Б.Баярсайхан: Хүчирхийлэлд өртөгч, үйлдэгчийн сэтгэл зүйн байдлын судалгаа хийдэг үү?
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2020.12.09/ хуралдаан боллоо. Хуралдаанаар "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн биелэлтийн талаарх Засгийн газрын тайлан"-г сонссон юм.
Тайлантай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:
"Маш чухал асуудал хэлэлцэж байна. 2 яамны тайланг сонслоо. Бид анхан шатны тоон мэдээллийг авч байгаа. Тайлан гэдэг бол үр дүн, цаашид уг ажлыг үр дүнтэй хийх, хүчирхийллийг бууруулж болох арга хэмжээний зөвлөмж, бодлоготой байх ёстой. Би олон удаа асууж байгаа. 2019 онд хүүхэд хамгааллын ажил зарцуулсан мөнгөн дүнтэй харьцуулахад хүчирхийлэл хэр буурсан бэ? Хорио цээрийн үед гэр бүлийн хүчирхийлэл ихсэж, дуудлага хийх боломжгүй байна. НҮБ-аас ч энийг анхааруулж байгаа. Энэ талаар би нилээн их дугарч хэлж байгаа. Харамсалтай нь яамдууд, ажил хариуцаж байгаа хүмүүсээс хангалттай мэдээлэл авч чадахгүй байна.
1. Хүчирхийлэлд өртөж байгаа хохирогч болон хүчирхийлэл үйлдэгчийн сэтгэл зүйн байдлын судалгаа гаргадаг уу? Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд гэр бүлийн бүртгэл байгууллагуудад байгаа. Энэ бүртгэл дээр байгаа хүмүүс дээр хэрхэн үр дүнтэй ажиллаж байна вэ? Бодлого тойдорхойлогч яамны хувьд судалгаа хийж байгаа хэлтэс газар бий юу?
2. Яагаад ингэж асууж байна гэхээр эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдийг бүртгээд байгаа хэрнээ, сая Д.Сарангэрэл сайдын хэлж байгаа 9 настай хүүхдийн тухайд эрсдэлт бүлэгт бүртгэлтэй байсан хүүхэд байсан. Үүнийг нууцалж байгаа юм билээ. Ийм байтал арга хэмжээ аваагүй байсаар амь насаа алдсан зүйл болсон. Тэгэхээр хүчирхийлэл үйлдэгч, өртөгч нарт урт хугацааны судалгаа, эмчилгээ явуулж байж үр дүн гарна.
3. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, ХЗДХЯ, ХНХЯ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар бий. ХНХ-ын сайд А.Ариунзаяа төрийн бус байгууллагуудтайгаа хэрхэн хамтран ажиллаж байна вэ? Тэдний ажлын үр дүнг яаж үнэлж байна вэ? ГБХЗГ-ын дарга хэлэхдээ, ТББ-уудтайгаа тоглоомын дүрмээ тохироод оны эцэст нэг ажил хийх зүйл яриад байсан. УИХ-ын гишүүд маш их санаа зовж байгаа. Гэхдээ хариуцсан байгууллагууд энэ чиглэлд тодорхой хариулт өгөөрэй."
Түүний асуултанд ХНХ-ын сайд А.Ариунзаяа, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нар хариуллаа.