Монголчууд хүчирхэг байсны гол үндэс нь АРАВТ-ын зохион байгуулалт юм
2020.12.10
Улстөр

Монголчууд хүчирхэг байсны гол үндэс нь АРАВТ-ын зохион байгуулалт юм

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан боллоо. “Бага Үндсэн хууль” гэж нэрлэгддэг “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцсэн юм.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд олон чухал санал хэлж, асуулт асууж байсан ч Б.Бат-Эрдэнэ гишүүний санал анхаарал татсан юм.

Тэрээр хэлсэн үгэндээ, 

“Бодит амьдрал дээр орон нутгийн засаг захиргааны нэгж, бүсчилсэн хөгжилтэй холбоотой. Энэ хуульд иргэдийн идэвх, үүсэл санаачилгыг хангасан талаас нь зохицуулалт оруулъя гээд аравтын зохион байгуулалттай байж болно. Аравтын хуваарийг газар нутгийн байршил, хүн амын суурьшил, өрхийн тоог харгалзан багийн иргэдийн төв хурал тогтооно гээд оруулсан. 
Уламжлалт Хүннү их гүрнээс дамжаад Монголчуудын хүчирхэг байсны гол нууц бол өрх гэр бүлийг чадавхжуулагч ижил чадвар бүхий аравтын тогтоолцоондоо байна гээд Монгол  судлаач, эрдэмтэд дүгнэсэн байдаг. Хэнтий аймгаас аравтын тогтолцоонд иргэдийн үүсэл санаачилгаар энэ хөдөлгөөнийг өрнүүлээд үр дүнд хүрсэн тодорхой жишээ бол Хэнтий аймгийн Баян-Овоо сумын засаг дарга Д.Баянмөнх бол сумаа аравтын тогтолцоонд оруулсан. Энэ бол сайн жишиг байна гэж үзээд аймгийн төв, Бор-Өндөр уул уурхай дагасан ийм төв суурин газрууд хүртэл аравтын тогтолцоонд хүрээд үр дүнтэй явж байна.
Хэнтий аймаг шиг зарим аймаг, сумд ийм зохион байгуулалтад орох эрхийг нь уг хуулиар нээгээд өгөх хэрэгтэй”

гэсэн юм.  

Б.Бат-Эрдэнэ гишүүн 2004 оноос хойш Хэнтий аймгаас УИХ-д нэр дэвшин 2020 оны сонгуульд 5 дахь удаагаа сонгогдсон, төрийн түшээ билээ. Тэрээр аймаг орон нутаг, засаг захиргааны нэгжээ маш сайн мэдэх хүний хувьд сонгогдсон тойрогтоо “Аравт” төслийг санаачлан эхлүүлсэн бөгөөд 2019 оноос “Аравт” дэд төслийг Хэнтий аймгийн бүх сумдад албан ёсоор хэрэгжүүлэх шийдвэрийг аймгийн удирдлагууд гарган ажиллаж байна.  

Аравтын зохион байгуулалт нь:

Ойролцоо нутагладаг 10 өрхийг нэг аравтын бүлэг болгон зохион байгуулж, энэ бүлгээрээ дамжуулан бүх төрлийн үйл ажиллагаанд иргэдээ татан оролцуулдаг. Мөн баг тус бүрт “Хөгжлийн чиглүүлэгч” томилж, тэдгээр чиглүүлэгчид багийнхаа нийт аравтуудад очиж орон нутгийн хөгжлийн сангийн мэдээ, мэдээллийг өгч, хэлэлцүүлэг зохион байгуулдаг байна. 

Б.Бат-эрдэнэ гишүүнийн аравтын тогтолцооны талаар хэлсэн саналыг УИХ-ын дарга Г.Занданшатар дэмжиж,

УИХ-ын дарга Г.Занданшатар

“Манайх шиг нүүдлийн соёл иргэншилтэй улсад хамгийн тохиромжтой удирдлагын хэлбэр бол аравтын зохион байгуулалт гэж үзэж байна" гэлээ.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан энэ тухай хэлэхдээ,

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан

"Аравтын тогтолцоог бий болгох нь чухал юм. Монголчуудын хүчирхэг байсны гол үндэс нь аравтын зохион байгуулалт гэж ойлгодог. Цаашид нүүдлийн соёл иргэншлийг тээж явах ард түмэн байна гэвэл аравтын зохион байгуулалт хүссэн хүсээгүй байх ёстой. Ардын засгийн нутгийн захиргааны дүрэм бол их сайн дүрэм. Уг дүрэм дээр аравтын даргад дөрвөн том шаардлага тавьсан байгаа юм. Ард олны зовлон зүдгүүрийг нэвтэрхий мэдэх, амиа бодох биш олны тусыг бодох, ямарваа муу үйлд холбогдоогүй цэвэр шударга, өөрийн хариуцсан засаг төрийн албыг бүтээж чадах шалгуурыг тавьж байжээ. Багийн болон сумын Засаг дарга нар ийм л байх ёстой. Аравтын тогтолцоогоор яваад ирсэн тогтолцоог орхигдуулах биш засаг захиргааны нэгжийн шинэчлэлээр үүнийг сэргээх учиртай" гэсэн юм.

Б.Бат-Эрдэнэ гишүүний уламжлал шинэчлэлийг хослуулан, амьдрал дээр туршигдсан, амжилттай хэрэгжиж буй аравтын тогтолцооны санал аргагүй төрийн туршлагатай түшээ болохыг ийнхүү батлан харуулж байна. 

ШИНЭ МЭДЭЭ