МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.16
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Ж.Бат-Эрдэнэ: Махны экспортоос олох ашгийн тооцоо судалгаа хийсэн үү?

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2020.12.16/ Мах бэлтгэл, махны үйлдвэрлэл болон махны экспортын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Байнгын хорооны 2020 оны 07 дугаар тогтоолоор байгуулсан ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонслоо.

Байнгын хорооны дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ асуулт асуулаа:

Бодит байдал дээр манайх 70 сая малтай гэж үзэж байгаа. Яг хэдэн хувийг нь бид борлуулах бололцоотой вэ? Малынхаа бүтэц, сүргийн бүтцээ өөрчлөөд, зохих нормыг нь оруулаад яг хэдэн хувийг борлуулна гэсэн судалгаа байна уу? Хэдэн төгрөг, хэдэн доллар олох бололцоотой вэ? Үүний тулд юу хийх хэрэгцээтэй байна вэ?

Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль батлагдаад гурван жил боллоо. Энэ хуулийн хэрэгжилтийг хэрэгжүүлэхгүйгээр бид махны экспортыг нэмэгдүүлэх үндсэндээ боломжгүй байгаа. Хууль нь аятайхан хууль гарсан. Хэрэгжүүлээд явбал олон улсын эрүүл мэндийн хэмжээнд хүрсэн боломж бололцоо бидэнд байгаа.

Зөвшөөрлүүдийг хаанаас олгож байна вэ? Яамнаас уу эсвэл Худалдаа аж үйлдвэрийн танхимаас олгож байна уу? Энэ зөвшөөрлийг сайжруулах боломж юу байна вэ?

Зах зээлийн хувьд урд хөршийн зах зээлийг харахаас өөр боломжгүй. Тэгэхээр урд хөршийн зах зээлээ нээх боломж байна уу?

Тээврийн тусгай зөвшөөрлийг ямар хуулийн зөвшөөрлийг үндэслэж олгоод байна вэ? Уг нь тийм тусгай зөвшөөрөл байх ёсгүй юм.

Түүний асуултанд ажлын хэсгийн төлөөлөл хариуллаа.

Өнгөрсөн жилүүдэд тээврийн хөргүүртэй ямар ч хамаагүй машинаар явж байсан байна. Тэр үед Замын-Үүд хүртэл тээврийн зардал хоёр сая төгрөг хүртэл л байсан. Гэтэл энэ 2020 оны 2-р сарын 19-нд Гаалын ерөнхий газрын даргын тушаал гарсан байна. Гаалийн байгууллагын эрх хэмжээг тодорхой байгаагаар хязгаарлах тухай гэсэн. Тушаалынхаа нэгд, Хилийн чанадад гаргах түүхий болон дулааны аргаар, бүрэн боловсруулсан махны гаалийн бүрдүүлэлтийг гүний гаалийн байгууллагад хийж, гаалийн байгууллагаас итгэмжлэл авсан тээвэрлэгчээр тээвэрлүүлэн хилийн гаалийн байгууллагын хяналтад илгээж байхаар тогтоосугай гээд тогтоол гаргасан байна. Гаалийн байгууллагаас итгэмжлэл авсан машинаар явна гэсэн. Гэтэл гаалийн байгууллага нь итгэмжлэлтэй ямар ч шалгуургүй. 

ШИНЭ МЭДЭЭ