Боловсролын салбарт эрх зүйн шинэчлэл хийнэ
2020.12.18
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Боловсролын салбарт эрх зүйн шинэчлэл хийнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.18\ нэгдсэн хуралдаанаар Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжлээ.

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ танилцууллаа. 

БСШУСБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн П.Анужин танилцуулав

 Орчин цагийн боловсролын чиг хандлага нь оюуны чадамж (IQ)-аас хүмүүнлэг чанар, сэтгэлийн боловсрол (EQ)-ыг чухалчилдаг болсныг дурдаад манай улсын боловсролын тогтолцоо, хөтөлбөр нь хүүхэд, залуусын мэдлэгийг дээшлүүлэхэд анхаарч, оюун санааны хүрээнд соён гэгээрүүлэх асуудлыг орхигдуулсан дутагдалтай хэмээн төсөл санаачлагчид үзжээ. Өнөөгийн нийгэмд үүсээд буй олон асуудал үүнээс үүдэлтэй байх магадлалтай гэдгийг тэрбээр тайлбарласан. Гэмт хэрэгт холбогдож байгаа хүмүүсийн 70 хувь нь 15-35 насны залуус байгаа талаарх тоон мэдээлэл байна. Энэ асуудал нь сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд боловсролын салбарт оюун санааны хүрээнд соён гэгээрүүлэх асуудлыг орхигдуулсантай холбоотой гэж үзэж байгаагаа, мөн олон судалгаа ийм дүгнэлтэд хүрсэн байдгийг хэллээ. Төсөл санаачлагчид төслийн талаар салбарын яамтай санал солилцсон байна. Боловсролын салбарт эрх зүйн шинэчлэл хийхээр ажиллаж байгаа бөгөөд төслийг хэлэлцэхийг дэмжсэн тохиолдолд Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийн агуулгыг багтаан, нэгтгэх боломжтой хэмээн зөвшилцсөн байна.

Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ё.Баатарбилэг, Ч.Ундрам, Ц.Мөнх-Оргил, Б.Энхбаяр, Х.Болорчулуун, Б.Баярсайхан, Ц.Даваасүрэн, С.Ганбаатар,  Б.Баттөмөр, Г.Мөнхцэцэг, Б.Энх-Амгалан, Н.Алтанхуяг нар асуулт асууж, хариулт авлаа. 

Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, монгол хүний мөс жудаг, зан чанарыг төлөвшүүлэх, байгальтай харьцах харилцаанд анхаарах нь чухал байгааг тэмдэглээд, үүнийг хуулиар зохицуулах нь ямар ач холбогдолтой, ямар тооцоо судалгаа байгааг тодрууллаа. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, хуулийн төслийг боловсруулахад, Боловсролын сайдаар ажиллаж байсан С.Төмөр-Очир тэргүүтэй эрдэмтэн судлаач, нийгмийг соён гэгээрүүлэх чиглэлийн байгууллагууд хамтарсан гэдгийг тодотгов. Хүнийг хүмүүжүүлэх, хүнлэг чанар, сэтгэлийн боловсролыг дээшлүүлэх зарчмын асуудлыг хуульчилж өгөх шаардлагатай гэж үзсэн хэмээн тайлбарлав. БНСУ-ын парламент 2015 оны долоодугаар сард үүнтэй ижил хуулийн төслийг баталсан. Ерөнхийдөө дорнын соёл уламжлалаа хадгалж буй улс орнуудын жишиг ийм байгааг тайлбарлав. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Биднийг IQ өндөртэй ард түмэн гэж үнэлдэг. Гэхдээ шинэ зуунд улс орнууд IQ гэхээс илүүтэй сэтгэлзүйн боловсрол нийгэмд илүү үр дүн авчирдаг гэдгийг ойлгож эхэлсэн хэмээн тэмдэглэв. Тэрбээр, "Хуулийн төсөл нь ЕБС-ийн 640 мянган сурагч, их дээд сургуулийн 140 мянган оюутанд хамаарах хүрээний асуудал биш. Насан туршийн боловсрол буюу Монгол Улсын 3.2 сая хүнд хамаатай. Тиймээс хэлэлцэх эсэхийг шийдвэл, хэлэлцүүлгийн явцад Боловсролын багц хуулийн үзэл баримтлалд тусгах, эсэхийг шийдэх боломжтой" хэмээсэн юм. 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, хуулийн төслийг боловсруулсан эрдэмтдийн ажлыг хүндэтгэж байгаагаа илэрхийлэв, Тэрээр, монгол хүүхдийг төлөвшүүлэх сургалтын агуулга хөтөлбөр боловсруулах ажлыг олон жил ярьсан хэмээгээд, энэ агуулгаар 2019 онд БШУЯ-наас монгол ёс, хүмүүжлийн хичээлийн хөтөлбөр боловсруулж ЕБС-ийн 1-5 дугаар ангид заавал үздэг хичээл болгосон гэдгийг тэмдэглэв. Тиймээс эл хуулийн төслийг Боловсролын багц хуулийн төслийг үзэл баримтлалтай нийцүүлж, тусдаа бие даасан хууль гаргахгүй байх талаар БШУЯ-тай ойлголцсон эсэхийг лавлав. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, "Хуулийн төсөлд боловсролын хуулийн тодорхой зүйл заалтыг шингээсэн, хэлэлцэх эсэхийг шийдвэл Боловсролын багц хуулийн төсөлд тусгах боломжтой. Монголд ажиллаж байгаа гадаад, дотоодын байгууллага хуулийн агуулгад нийцэж ажиллах, боловсролын салбарын бодлогод хүч нэмж өгье гэсэн байдлаар хуулийн төслийг оруулж ирсэн" хэмээв. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаа ч батлахыг дэмжихгүйг илэрхийлэв. Тэрбээр, уг хуулийн төслийг Боловсролын багц хуультай нэгтгэн хэлэлцэх, ингэхдээ Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг нийцүүлж тусгах шаардлагатай гэсэн байр суурь илэрхийлэв. Тэрбээр, "Орчин үед интернэтээр хүүхэд сургалт авах боломжтой болсон. Гэвч бид хүн хүмүүжүүлэх асуудлаа орхисоор ирсэн. Боловсролын хуульд монгол хүнийг хүнлэг, энэрэнгүй болгох асуудлыг тусгасан байдаг ч нөгөө л хими, физик, математикаа заадаг. Амьдрал дээр гараад сурсан мэдлэгээ хэрэгжүүлэхдээ хүн гэдгээ ойлгодог байх ёстой" хэмээв.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Л.Энх-Амгалан нарын гишүүн ёс зүйн харилцааг онолын хувьд хуульчлах боломжгүй гэсэн байр суурь илэрхийлж байв. Тодруулбал, хууль нь тодорхой санкцтай, аливаа зүйлийг албадан хийлгэдэг, тэгвэл уг хуулийн төсөлд хариуцлага тооцох асуудал байхгүй гэдгийг тодотгов. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, гэр бүлдээ манлайлах үзэл суртлыг дэлгэрүүлсэн контент илүү гаргахад анхаарах ёстой гэсэн санал хэлж байв. 

Ингээд гишүүд асуулт асууж, үг хэлж байр сууриа илэрхийлсний дараа санал хураав. Хуралдаанд оролцсон 63 гишүүний 50 буюу 79.4 хувь нь дэмжиж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороонд шилжүүлэв.

ШИНЭ МЭДЭЭ