МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ардчилсан намын Х их хурлаар үндсэн дүрмийн өөрчлөлтийг батална
2020.12.18
Улстөр

Ардчилсан намын Х их хурлаар үндсэн дүрмийн өөрчлөлтийг батална

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын онцгой нөхцөлд цахимаар зохион байгуулагдаж байгаа Ардчилсан намын Х их хурал ажил хэрэгч, ил тод, нээлттэйгээр үргэлжилж байна.

21 аймаг, 9 дүүрэг, 100 гаруй сум суурингаас нийт 2100 төлөөлөгч Ардчилсан намын цахим хуралд оролцож байгаа нь Монголд анх удаа болж буйгаараа онцлог юм. Х их хурал УИХ-ын гишүүн, Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Тувааны улс төрийн илтгэл, хурлын тэргүүлэгч О.Амартүвшингийн “Ардчилсан намын удаа дараагийн улс төрийн сонгуульд ялагдсан шалтгааныг судалсан дүгнэлт”-ийг сонслоо.

Үүний дараагаар Ардчилсан намын Х их хурлын хэлэлцэх гол асуудал болох Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж эхэллээ. Үндсэн дүрмийн өөрчлөлтийн хэлэлцүүлэг асуулт асуух, санал хэлэх, санал хураах гэсэн 3 хэсгээс бүрдэж байна.

Хурлын төлөөлөгчид асуулт асууж, хариулт авах хэсэг дуусч, яг одоо саналаа хэлж байна. Үүний дараагаар намын үндсэн дүрэмд оруулж буй өөрчлөлт тус бүрд санал хураалт явуулснаар өнөөдрийн хурал өндөрлөх юм.

Цар тахлын үед мөрдөх халдвар хамгааллыг ягштал баримтлан явуулж буй Ардчилсан намын цахим их хурал амжилттай үргэлжилж байна.

ШИНЭ МЭДЭЭ