МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.22
Эрүүл мэнд

Ц.Сэргэлэн: Эмч нар, эмнэлгийн ажилтан албан хаагчдын нийгмийн баталгааг бодолцох ёстой

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2020.12.22/ боллоо. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хуулийн төслийг хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн:

Цар тахлын үед маш удаан хугацаанд ажиллаж байгаа Төрийн тусгай албан хаагчид, эрүүл мэндийн салбарын албан хаагчидын зарим нь цөхөрч, ядарч, цуцаж, халширж байна. Төрийн тусгай албан хаагчдын статустай байгууллагын албан хаагчдын нийгмийн баталгааг хангах боломж эрх зүйн талаасаа зохицуулагдсан байдаг. Төрийн тусгай албан хаагч эрүүл мэнд, амь насаараа хохирвол төрөөс ингэж нийгмийн баталгааг нь хангана, нөхөн төлбөр олгоно гээд заасан байдаг.

Харин эмч, эмнэлгийн ажилтнууд төрийн тусгай албан хаагчийн статусгүй байдаг. Энэ утгаараа нийгмийн баталгааг нь хангасан асуудал ямар нэгэн хуульд тусгагдаагүй. Тэгээд өнөөдөр эрсдэлийн тэргүүн шугам дээр үүрэг гүйцэтгэж байгаа маш олон эмч, эмнэлгийн ажилтнууд халдвар авч байна. Эмнэлгийн ажилтнуудад хэрвээ эрсдэл улам өндөрсөөд эрүүл мэнд, амь насаараа хохирвол яах вэ гэдэгт төрөөс бодлого бодмоор байгаа юм.

Ихэвчлэн эмч нар, өвчтөнийг эмчилж байгаа, халдварын голомтуудад ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнууд халдвар авах магадлал маш өндөр байна. Энэ ч статистикаас харахад амьдрал дээр харагдаж байна. Тэгэхээр одоо бол нэг удаагийн арга хэмжээ авч байгаа. Засгийн газраас сайн л арга хэмжээ авч байна. Чадлаараа мөнгөн тусламж үзүүлж байна. Гэхдээ миний хэлсэн өндөр эрсдэлүүд үүсвэл энэ хүмүүсийн нийгмийн баталгааг нь яах вэ гэдгийг бид бодолцох хэрэгтэй.

Ер нь яг ийм нөхцөлд ажиллах үед нь хуулиараа эмнэлгийн ажилчдыг Төрийн тусгай албан хаагчдын статустай болгочихвол ямар вэ? Цаашдаа үүнээс өөр гамшиг, эрсдэл учрахыг бид үгүйсгэж чадахгүй. Тийм учраас эмнэлгийн ажилтнуудыг Төрийн тусгай албан хаагчдын нэгэн адилаар албан үүргээ гүйцэтгэж байгаад эрүүл мэнд, амь насаараа хохирох юм бол төрөөс ямар нэгэн байдлаар нийгмийн баталгааг нь хангадаг эрх зүйн орчныг бий болгоё гэдэг саналыг би зориуд УОК, Шадар сайд Я.Содбаатарт санал болгож хэлж байгаа юм. Үүнийг анхааралдаа авч үзнэ үү? Тэгээд бас хамтран ажиллах боломж байна. 

ШИНЭ МЭДЭЭ