Ч.Ундрам: Зах зээлийг "мөнгөжүүлэх" арга хэмжээг яаралтай авах хэрэгтэй байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.24\ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар (КОВИД-9)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Цаашид коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал энэ байдлаар удаан үргэлжилбэл Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, нэн ялангуяа нийгмийн эрүүл мэндийн аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж, эдийн засгийн хямралт нөхцөлийн түвшинд хүргэхэд ойрхон байна гэж Засгийн газар үзэж байгаа аж.
Иймээс цар тахлын өнөөгийн болон цаашид үүсэх нөхцөл байдал, түүний эсрэг улс орнуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, туршлага, сургамж, Монгол Улсад тулгарч байгаа сорилт, хүндрэл бэрхшээлийг харгалзан Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацааг сунгах, хуульд зарим нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр хуулийн төслийг боловсруулжээ.
Асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ч.Ундрам гишүүн эмнэлгийн хог хаягдал болон Сэлэнгэ аймгийн ААН-тэй холбоотой асуудлаар асуулт тавилаа.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам
Засгийн газар, УОК -оос ард иргэд, бизнес эрхлэгчид рүүгээ хандсан зөв ажлыг авч хэрэгжүүлж байгаа. Одоо бизнес эрхлэгчид рүү хандсан нэг л асуудал байна. Энэ нь зах зээлээ мөнгөжүүлэх юм. Зах зээл рүү ерөөсөө мөнгө гарахаа больчихлоо. Энэ асуудал дээр хамгийн гол нь манай арилжааны банкууд байгаа юм. Тиймээс Монголбанк санаачлагатай ажиллах хэрэгтэй байна. Хэрэв та бүхэн одоо бизнес рүү, ЖДҮ рүүгээ мөнгө гаргахгүй бол муу зээлийн хэмжээ нэмэгдэхээс гадна бизнесүүд чинь дампуураад, ирээдүйд зээл авах боломжтой компаниуд багаснаа. Тиймээс энэ асуудал дээр та бүхэн санаачлагатай ажиллаач ээ. Ингэж байж бид Монгол улсынхаа ирээдүйн эдийн засаг, санхүүгээ аврах юмаа. Гол нь Монгол банк санаачлагатай, арилжааны банкуудтайгаа хамтраад ажиллаач ээ.
Сэлэнгэ аймгийн "Сэлэнгэ энерго" орон нутгийн өмчит компанитай холбоотой авсан арга хэмжээ байгаа юу? Шадар сайд хариулж өгөөч.
Цагаан даваанд корона вирус илэрсэн. Тэгэхээр эмнэлгийн хог хаягдал дээр санаа зовоосон асуудал байгаа юу? УОК анхаарч авч үзсэн үү?