С.Чинзориг: Хуулийн төслийн гол заалтыг хассан байна
УИХ-ын хурлын чуулганы өнөөдрийн \2020.12.25\ нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн С.Чинзориг:
Хуулийн 7.1.2 заалтыг байнгын хороо дээр шинээр зарчмын зөрүүтэй санал гаргаад хассан байх юм. Энэ заалт бол уг хуулийн амин чухал заалт. Яагаад хассан бэ? Нөгөө талаас Засгийн газрын өргөн барьсан хуулийн төсөлд байхгүй заалт. Засгийн газрын өргөн бариагүй заалт дээр санал гаргаад олонхын дэмжлэг гаргаад хасах нь Их хурлынхаа дэгийн тухай хуулийг зөрчиж байгаа асуудал байхгүй юу?
Энэ хуульд байгаа төрийн албан хаагчдын сонгон шалгаруулалтыг явуулахгүй байх заалтыг яамдуудын удирдлагууд буруугаар ойлгоод төрийн албаны тухай хуулийн үйлчлэл зогссон байгаа юм шиг, төрийн албан хаагчдыг яам дээр халж сольж байгаа асуудал нэлээн яригдаж байна.
Өнөөдөр 20-30 төрийн албан хаагчдыг халж, сольж байна, агентлаг руу шилжүүлж байна гэж фэйсбүүк дээр ярьж байна. Энэ хууль дахь төрийн албаны сонгон шалгаруулалтыг явуулахгүй байх, түтгэлзүүлэх заалтыг байнгын хороо эргэж авч үзсэн үү үзээгүй юу?
Яаманд ажиллаж байгаа хүнийг өөрчилж болно. Гэхдээ агентлаг руу шилжүүлнэ гэдэг нь төрийн захиргааны албан хаагчийн нөхцөлийг дордуулж байна гэсэн үг. Бас цалин нь 40-өөс доошгүй хувиар буурна. Энэ нөхцөл байдлыг байнгын хороо дээр яриагүй юу? Энэ заалтыг эргэж харах шаардлагатай гэж би харж байна.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр хариуллаа.
УИХ гишүүн Н.Алтанхуягаас 7.1.2-аар заалтыг хасъя гэсэн санал гаргасан. Үүнийг хасмааргүй заалт байгаа юм. Цар тахлын үед шилжилт хийхэд сүртэй хууль зөрчөөд байгаа юм биш. Тиймээс тухайн үед гишүүд дэмжсэн байгаа. Нэгэнт УИХ-ын гишүүн санал гаргасан учраас санал хураалгахаас өөр арга байхгүй нөхцөл байдал үүссэн юм.