2020.12.25
Хүний эрх

Ц.Даваасүрэн: Б.Энхбаяр гишүүн ээ наад хууль чинь захиалгатай хууль байна

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2020.12.25) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нарын 13 гишүүний санаачилж өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Уг хуулийн төсөлд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр шүүгчдийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, Ерөнхий шүүгчдийг огцруулах, Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийн бүрэн эрхийг дуусгавар болгох, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргын бүрэн эрхийг түдгэлзүүлэх заалтыг хүчингүй болгохоор тусгасан юм. 


УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн

Хуулийн төслийг дэмжихгүй байна. Үндсэн хуультай нийцүүлж байна гэж тайлбарлаж байна. Тэртэй тэргүй бид Шүүхийн багц хуулийг Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбогдуулан оруулж ирнэ. Энэ хуулийн хүрээнд өөрчлөөд явах ёстой. 

Энэ хуулийг бид шударга ёсны хувьсгал хийж явахдаа өөрчилсөн. Энэ нь нийгэмд эргэлзээ төрнөө. Сая шүүгчид баахан нөхдийн ялыг хөнгөллөө шүү дээ. Хэрэв Дээд шүүх дээр энэ ялгүй болбол УИХ дээр гал буунаа. Манай залуу гишүүн Б.Энхбаяр гишүүнийг "алах" гэж байна шүү дээ. Нөгөө хөөн хэлэлцэх хугацаа  наашлуулдаг шиг юм болно шүү дээ. Тиймээс Шүүхийн багц хуулийг хэлэлцэх үедээ энэ зохицуулалтыг хийгээд явж болно. Тэгэхгүй бол нийгэм " за нөхдүүдээд эд нар суллах гэж байна" гэж харна. 

Б.Энхбаяр гишүүнээ ах хүний хувьд зөвлөе. Наадах чинь захиалгатай хууль байна. Эцэст нь тэд чамайг хамгаалахгүй шүү.

ШИНЭ МЭДЭЭ