МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.01.08
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Ц.Туваан: Оюутны зээл олгохгүй байгаа нь олон хүүхдийн амьдралыг хохироож байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.08\ нэгдсэн хуралдаанаар  Бүх шатны боловсролын байгууллагын чанар, хүртээмж, сургууль, цэцэрлэгт хамрагдалтын байдал, хичээл, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлж байгаа арга хэмжээний талаар Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг сонслоо. 

Мэдээллийг Шадар сайд Я.Содбаатар танилцуулсан бөгөөд мэдээлэлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Ц.Туваан асуулт асуулаа:

Оюутны 70.000 төгрөг гэж АН-ын хөтөлбөрийн үед явж байсныг халамж байна гээд зогсоосон. Оюутнууд шаардлага гаргаад ирэхээр оюутны хөгжлийн зээлээр орлуулсан. Оюутны хөгжлийн зээл явж байсан боловч, энэ зээл нь сүүлдээ зээл ч үгүй, буцалтгүй тусламж ч үгүй холион бантан болоод үлдээд байна. Энэ асуудлыг Боловсролын яам, Сангийн яам, Засгийн газраараа авч ярилцах хэрэгтэй байна. Маш олон оюутнуудын амьдрал сөргөөр шийдэгдээд, маш их хүнд асуудлууд үүссэн байна. Төсөв дээр суулгасан мөнгө төгрөгийг хүмүүсийн сэтгэлгүй үйл ажиллагаанаас болоод сургууль, оюутнууд хохироод байдаг асуудлууд газар авчихсан байна.

Засгийн газрын 70-р тогтоолоор тэргүүлэх зэргийн гээд мэргэжлээр нь ангилж, хэдэн мэргэжил зааж өгсөн байна. Сургуулиудыг хувийн, төрийн гээд ялгадаг болсон байна. Төрийн эхний топ 10 сургууль гээд янз бүрийн ялгаа гаргаад байна. Энэ бол зээл, буцалтгүй өгч байгаа юм биш. Буцалтгүй өгдөг юм. Тэр нь төсвийн тодотгол дээрээ шууд хасагдаад явчихдаг жишээтэй. 2019-2020 оны хичээлийн жилийн хавар хэдэн хүүхэд зээл авахаар хүсэлтээ өгсөн, үүний хэд нь зээлээ авч чадсан бэ? Өнгөрсөн хичээлийн жилд хэдэн хүүхэд авахаар хүсэлтээ явуулсан бэ?

Хөгжлийн бэрхшээлтэй, өнчин хүүхдүүдэд олгодог буцалтгүй тусламжийн гүйцэтгэлийн талаар хэлж өгнө үү?

Буцалтгүй тусламж яг хэдэн хүнд хүрсэн бэ? Энэ бол тухайн өрхдөө маш их хэрэгтэй төрийн бодит дэмжлэг байдаг. 

Төгсчихсөн, дипломоо авч чадаагүй хэдэн оюутан байна вэ?

"Корона-19"-ийн хууль дээр нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг АН-ын бүлгээс санаачлаад явуулсан энэ удахгүй хэлэлцэгдэх байх гэж бодож байна. Энэ дээр хууль яагаад хэрэгжихгүй байна вэ?

Оюутаны сургалтын төлбөрийг хойшлуулах, дараагийн семистэрт шилжүүлэх  болон сургалтын төлбөрт хөнгөлөлт үзүүлэх гээд 7.1.9-р заалт яагаад хэрэгжихгүй байна вэ?

Дотуур байрны хөлс эхлээд төлөгдчихдөг, суугаагүй дотуур байрны мөнгө буцааж олгогдохгүй байна. Үүнийг яаж зохицуулах гэж байна вэ?

Энэ жилийн төсөвт Боловсролын зээлийн сан дээр нийтдээ 49 орчим тэрбум төгрөгийн төсөв тавигдсан байна. Үүн дотор оюутны хөгжлийн зээлд 24.8 тэрбум юм шиг байна. Энэ зээлийн мөнгийг нэн даруй өнгөрсөн хугацаанд гэрээ байгуулчихаад зээлээ авч чадахгүй байгаа хүүхдүүдийг нь хамруулж өгч болох уу? Яагаад гэвэл энэ бол төрийн буруутай үйл ажиллагаа, Сангийн яам, Боловсролын яамны үйл ажиллагаатай маш олон оюутнууд хохироод байна. Оюутнуудын эрх ашиг маш хүндээр зөрчигдөж байгааг анхаарч үзэж, эхний мөнгийг гацааг гаргахад зарцуулж болох уу?

ШИНЭ МЭДЭЭ