МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Дахин “амилсан” ШӨХТГ
2020.09.24
Эдийн засаг, Худалдаа

Дахин “амилсан” ШӨХТГ

Саяхандаа ШӨХТГ-ын даргаар Б.Бат-Эрдэнэ гэх залуу томилогдсон талаар бид мэдээлж байв. Бас ч болоогүй Засгийн газрын дэд даргаас огцорсон хүн дахиад дарга болж байна хэмээн "баалав”.
Харин одоо бол "БРАВО” гэхэд ч багадахаар ажил хийж буйг нь хараад баярлаж, бахархмаар болов.
Тэр томилогдоод дөнгөж сар гаруйн хугацаа өнгөрсөн ч Монгол Улсад хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллага байдгийг олон хүн мэдэж авав.
ШӨХТГ байгуулагдаад хэдий удсан ч сүүлийн үед бараг татан буугдсанаас ялгаагүй болсон гэхэд хилсдэхгүй. Хэдэн жилийн өмнө АН-ын "тэмцэгч” О.Магнай даргаар ажиллах үедээ шатахуун импортлогчидтой баахан "үзэлцээд” чимээгүй болсон. Түүний дараа одоогийн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан даргаар очоод О.Магнай байгууллагын нэрээр баахан "шалгалт” хийснийг нь илчилсэн. Юутай ч дээрх хоёрын үед ШӨХТГ бол байсаан, байсан.
Харин удаах дарга Б.Лхагвын үед ШӨХТГ гэх байгууллага байхаас айхын ч бараагүй болсон. Мэдээж ШӨХТГ энгийнээр бол бусдыг буюу хэрэглэгч, аж ахуйн нэгжүүдийг айлгаж, ичээхдээ бус аливааг хуулийн дагуу хийж, хэрэгжүүлж, шударгаар ажиллаж, үйлчилж, ашгаа олж байгаа эсэхэд анхаарал хандуулах учиртай. Гэтэл тус газрын хувьд аниргүй болж, коронавирусын халдвар, тархалт ихтэй байх 4-6 сард үнийн хөөрөгдлийг хазаарлахаар хэдэн ажлын хэсэг шалгалт нэрээр ажилласан. Гэвч ажиллаж буй байдлыг нь олон нийт шалгах нэрээр шантааж хийж байна уу гэж гэж хардахад хүргэж байв. 
Харин одоо байдалд өөрчлөгдөж, "огцорсон” дарга хэмээн цоллуулж явсан Б.Бат-Эрдэнэ очмогцоо ШӨХТГ-ыг орвонгоор нь эргүүлчихэв бололтой. Тэр ажлаа авсан даруй өрөөний камераа "БУРУУ” харуулж, үндсэндээ өөрөө бусдыг хянах бус бусдаар өөрийгөө хянуулахаар болсон. Энэ нь ч иргэдэд, гомдол мэдүүлэхээр, өөртэй нь уулзахаар очсон хүмүүст ихэд таалагдсан.
Энэ мэтээс эхлэн мань хүн ШӨХТГ-аа нээлттэй байдалд шилжүүлсэн. Байцаагч нар ч ажлын цагаар албаны үнэмлэхээ ашиглаад, тарахдаа байгууллага дээрээ үлдээдэг болсон нь өөрчлөлтийг өөрсдөөсөө эхэлж байгааг илэрхийлэв.

За, тэгээд Б.Бат-Эрдэнэ очсон биш ШӨХТГ-ынханы ажил ундарч байгааг өдөр бүр хүн мэдэх боломжтой болж, шинэ дарга цахим орчинд бүхий л ажлаа тайлагнадаг болсон.

Хэн нэгэн хэрэглэгч ШӨХТГ-т гомдол гаргахдаа заавал бичгээр өгөхийн тулд заавал нэг өдрийн ажлаа алдаж, дахин хохирдог байсныг болиулж цахим хэлбэрт шилжүүлж, түүнийгээ заавал ажил хэрэг болгож, хариуг нь эргэн мэдээлдэг болсноос эхлээд тоочвол барагдахгүй. Ажлаа аваад сар гаруйн хугацаанд арай ихийг хийгээд байна уу ч гэж "бусад” бухимдмаар".
Гэхдээ л тэр хэрэглэгчдийн төлөө эхлүүлснээ дуусгахын тулд нийтийн эрх ашгийг тэргүүнд тавин стандарт, шаардлага, дүрэм, журмыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Хэдий чөлөөт зах зээлийн нийгэм ч гэлээ тэдэнд эрх нь байгаад хэрэглэгчид хохирч үлдэх ёстой гэсэн үг биш гэдгийг өнөөдөр бизнес эрхлэгчид улам бүр ойлгож, хэрэглэгчид эрхийг нь хамгаалах газар байдгийг мэдэрч байгаа учраас Б.Бат-Эрдэнэ даргад талархахаас аргагүй.
Тэр долоо хоногт хийж, хэрэгжүүлсэн, цаашдаа төлөвлөсөн ажлаа өөрийн цахим хуудаснаа ил  "тавьдаг”. Түүнээс харахад аргагүй л хэрэглэгчийн төлөө болжээ тэр газар гэдэг нь тодорхой.
"Зарагдсан барааг буцаахгүй” гэх "зэвүүн” бичгийг лангуу, дэлгүүрүүдээс авахуулж, буцаалтын горим журмаа зөрчсөн бол торгууль нь хэт өндөр байдгийг мэдрүүлж, ломбард гэх мөнгө хүүлэгчдийг горимд нь оруулах, "том толгойтой” шатахуун импортлогчдыг стандартаа мөрдөж чадахгүй бол хариуцлага тооцох тухайгаа, адилхан төрийн өмчит хирнээ МИАТ-ийн тийзийн үнийг буулгахаар ярилцаж, судалж, УБТЗ-ын тээврийн үнийг нэмж болохгүйг ярилцан, шийдвэрлэж байна.   
Салбар яам, шүүхээр хэлэлцээд ч дийлддэггүй зарим асуудлыг цэгцэнд нь оруулж, хуулийг хэрэгжүүлэхдээ ойлголцлын түвшинд шийдвэрлэж болдгийг харуулж байна. Үндэслэлгүйгээр үнээ нэмсэн гурил, талхны үйлдвэрүүд, сүү, махны нийлүүлэгчид, авто зогсоолын асуудал, ачигч компаниудын "уралдаан”, замын түгжрэл, замбараагүй торгууль гээд иргэдийн өдөр тутмын амьдралд тулгамдаж буй асуудалтай ШӨХТГ нүүр тулж, хэрэглэгчдэд таатайгаар шийдвэрлэж байна.
Ахиад цаашилбал, их, дээд сургуулиудын нэрийн давхцалыг арилгах, төлбөр нэмсэн сургуулиудтай учраа ололцох, телевизүүдийн сувгийн дамжуулалт, Өрсөлдөөний тухай хуульд саналаа тусгуулах, Сонгуулийн үеэр шударга ажиллах гээд хууль эрхзүйн үүднээс шийдвэрлэж болохуйц ажлуудыг ч эмх цэгцэнд нь оруулж, аж ахуйн нэгжүүдтэй адил хэмжээнд хамтран ажиллаж болдгийг бас харуулж байна.
Хэдий ажлаа аваад удаагүй ч ШӨХТГ-ын даргад олон нийт ам сайтай талархаж байна. Аргагүй ч үгүй биз. Тэр "Нийтийн эрх ашгийн төлөө цөөнхийн эрх ашгийг хөндөхөөс өөр аргагүй” гэдгээ хэлсэн нэгэн.

ШИНЭ МЭДЭЭ