МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

2021.01.15
Хууль, эрх зүй

Иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангалаа

Монгол Улсын Их Хурал өнөөдөр /2021.01.15/ иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангалаа. Учир нь Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийг баталсан явдал юм.

Иргэд шүүхийн байгууллага, шүүгчид итгэхээ байж, шударга ёс алдагдсан тухай, Шүүгчид эрх мэдэлтнүүдийн гар хөл болж шийдвэр гаргадаг тухай, шүүх байгууллага шударгаар явагдахгүй мөнгөтэй, танилтай хүнд үйлчилж, олон нийт, энгийн иргэдийн өмнө хаалттай болсон тухай сүүлийн 10 орчим жил шүүмжилж байна.

Ардчилсан улс, хуулийн засаглалтай Монгол Улсад шүүх байгууллага, шүүгчид итгэх итгэл ард иргэдийн дунд алдагдсан нь ардчиллын мөн чанарыг үгүй хийж байгаагийн илрэл юм тиймээс уг хуулийн шинэчлэлээр иргэд шударга шүүхээр шүүлгэх, шүүхий шударга байх нөхцөл, эрх зүйн зохицуулалт, сахилга хариуцлагын асуудлыг нарийвчлан тусгаад байна.

Хууль батлагдсантай холбогдуулан хуулийг боловсруулах ажлын хэсэг, байнгын хороодын зарим гишүүд мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга С.Бямбацогт

“Хууль зүйн байнгын хороо парламентийн түүхэнд анх удаа 17.40 цаг хуралдан, парламентийн дэгийн тухай хуульд хэрэглэж байгаагүй мэтгэлцээнийг хийж  мөн үг үсэг, заалт бүрээр хэлэлцүүлэг хийж төслийг алдаа мадаг, хийдэл дутагдалгүй боловсруулахад анхаарч ажиллалаа. Шүүхийн тухай хууль бол үндсэн хуулийн нэг том салаа мөчир, хуулийн засаглал, шударга ёсны суурь нь юм. Шүүх болон шүүгч хэнээс ч юунаас ч хараат бус ажиллах боломжийг энэ хуулиар бүрдүүллээ. Шүүхийн тухай хууль бол хуулийн засаглал, шударга ёсны суурь нь юм. Шүүх болон шүүгч хэнээс ч юунаас ч хараат бус ажиллах боломжийг энэ хуулиар бүрдүүллээ. Хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байх үндсэн хуулийн зарчим шүүхийн тухай хуулиар бодитой хэрэгжинэ.

Иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрх нь нээгдэж байна гэж үзэж байна. Шүүхэд, шүүгчид хуулиас өөр дарга байхгүй болсон. Энэ цагаас эхлэн эзэнтэй шүүгч, эрх мэдэл,, эдийн засгаас хараат шүүгч гэж хэрхэвч байж болохгүй. шүүгч шүүгчдээ нөлөөлдөг, дарамталдаг явдал энэ хуулиар эцэс болж байна. Шүүгчийн томилгоог нэг хүний гарт төвлөрүүлж хонгил үүсгэдэг асуудал төгсгөл болж байна. өмнө нь 4 хуулиар зохицуулж байсан харилцааг нэгтгэн шүүхийн тухай хууль гэсэн нэг хууль болголоо.

Шүүгчийн хариуцлагыг нэмэгдүүлж, шүүгчид хориглох 40 гаруй зөрчлийг тодорхой тусгаж өглөө. Хариуцлага алдсан, ёс зүйгүй авирласан шүүгчид хариуцлага тооцох хараат бус сахилгын хороо энэ хуулиар бий болж байна.

Шүүгчийг сонгон шалгаруулах, эрх ашгийг нь хамгаалах чиг үүрэг бүхий шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, бүрэлдэхүүн, томилох журам, тавих шаардлагыг тодорхой болголоо. Шүүхийн ерөнхий зөвлөлийн  10  гишүүний 5-ыг шүүгчид дотроосоо бусад 5 гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтыг үндэслэн уих-аас томилж байхаар боллоо. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд тавих шаардлагыг өндөрсгөлөө.

Мөн шүүхийн ерөнхий зөвлөлийн  гишүүн нь эрх зүйч мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, хууль зүйн өндөр мэргэшилтэй, сүүлийн 5 жил шүүгч, улс төрийн албан тушаал болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй байх шаардлагыг тусгалаа. шүүхийн шийдвэр бүхэн үндэслэлтэй байх, үндэслэл шийдвэр болгон нь ил тод байхыг үүрэгжүүлж өглөө. Сайн хуулийг муу хэрэгжүүлж амийг нь тасладаг алдаа гаргаж болохгүй гэдгийг хатуу сануулъя. шүүх эрх мэдэл бол ард түмний шударга ёсны хүсэмжлэлийн бодит биелэл байх ёстой гэдгийг тэмдэглэх байна” гэсэн юм.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр

“Шүүх хараат бусаар ажиллах боломж алдагдсан байгааг Ерөнхийлөгч, УИХ, ард иргэд шүүгчид хүртэл өөрсдөө хүлээн зөвшөөрч ирсэн. Монгол Улс шүүхийн хараат бус байдлаар 140 улсаас 120-т жагсч байгаа нь гашуун боловч үнэн юм. Шүүхийн энэ системийн байдлыг бид хүндэрсэн байна гэж дүгнэсэн. Иймээс шүүхийн тухай хууль тогтоомжийг цогцоор нь иж бүрнээр нь засварлалаа. Энэ бол зөвхөн эхлэл гараа.

Сайн хууль амилах, биежих эсэх нь хүнээс хамаарна. Шүүгчид маань өөрсдийгөө засч, шаардлагад нийцэж хуулиа дагаж ажиллах шаардлагыг тавьж байгаа. Ингэж чадахгүй өнөөдөртэйгээ, эрх мэдэлтэйгээ зууралдан, авлигажин, хонгилдож, муу муухайтай эвлэрч, сайн сайхныг үгүйсгэж ажиллаж болохгүй.

Энэ хууль олон хүний эрх ашгийг хөндөж байгаа учраас хуулийн үзэл санааг үгүйсгэж, таслан зогсоох үйлдэл хийхийг мэдэж байна. Үүнийг улдан дарж, шударга ёсны түүчээ болох хүч УИХ-д байгаа. Учир нь энэ хуулийн шинэчлэл дээр УИХ, парламентанд суудалтай бүх нам, бие даагчид шүүхийн шинэтгэл хийх ёстой, шударга ёсны асуудлыг хийх ёстой гэдэг дээр цул хүч болж 96.2 хувийн саналаар батлагдлаа.” гэсэн юм.

Монгол Улсын шүүхийн тогтолцоо, зохион  байгуулалт, үйл ажиллагаа, шүүгчид тавих болзол, шаардлага, түүний бүрэн эрх,  эрх зүйн байдал, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах, Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны бүрэн эрх, зохион  байгуулалт, үйл ажиллагааны журмыг тогтоох, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн  эрх зүйн байдлыг тодорхойлохтой холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулах юм.

Улсын Их Хурал 2021.01.15

Хуулийн төсөлд зарчмын шинжтэй 20 гаруй зохицуулалтыг тусган баталлаа.

Шүүхийн тухай хуулийг дагалдан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн захиргааны тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай, Төрийн албаны тухай, Захиргааны ерөнхий хууль, Өмгөөллийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Төсвийн тухай хуулиудад өөрчлөлт оруулсан юм.

Монгол Улсын Шүүгчийн тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлсэн юм.  

“Энэ хуулиар иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангалаа. Иргэдийг эрүүдэн шүүх, хууль бусаар яллах зэрэг хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэх зохицуулалтуудыг орууллаа.

Шүүх эрх мэдэл, түүний хараат бус байдалд хэн нэгэн нөлөөлөх, эрх мэдэл тогтоохоос сэргийлж, олон талын оролцоо, хяналт тэнцлийг тогтоолоо. Хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороотой байхаар тусгаж, эрх үүргийг тодотголоо.

Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг сонгохдоо ил тод сонгон шалгаруулах зарчмыг баримтлах, нийтийн сонсгол хийх, нэр дэвшигчдийн талаар иргэд санал бодлоо илэрхийлэх замаар шударга ёсыг хангах, шүүхэд шатлан дэвших зарчмыг хэрэгжүүлэх шинэ тогтолцоог бүрдүүллээ.

Нийтийн сонсгол бол аливаа асуудлыг иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоотойгоор нээлттэй хэлэлцэж, ярилцдаг ардчиллын шударга хэлбэр гэж үздэг. Энэ шүүлтүүрээр орж, сонгогддог боллоо. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтаар тодруулж, томилох, нэр дэвшигчдийг томилгооны сонсголоор заавал оруулдаг байхаар заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлд заасан ард түмний мэдэх эрх, оролцоог хангаж буй чухал зохицуулалт боллоо.

Шүүгчид нэр дэвшигчээс хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт төдийгүй мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалт авах, эдгээр шалгалтын аль алинд нь тэнцэж, хамгийн өндөр оноо авсан нэр дэвшигчийг шүүгчээр томилох боллоо. Эдгээр өөрчлөлт хэрэгжсэнээр шүүх болон шүүгчийн хараат бус байдал хангагдаж, улс төр, бизнесийн аливаа нөлөөлд орохоос сэргийлэх нөхцөл бүрдэнэ. Шүүгчид ёс зүйн болон эрх зүйн хариуцлага хүлээлгэх үр нөлөөтэй тогтолцоо бүрдэнэ. Хамгийн чухал нь Монгол Улсад хуулийн засаглал, шударга ёс ноёрхох суурь нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна. Улмаар хууль нь ярьдаггүй шүүгч, шүүгч нь ярьдаг хууль байх сонгодог зарчим тогтоно. Эрх зүйн хувьсгалын нэг үндсэн зорилго нь үүнд чиглэж байгаа юм.”

Шүүхийн тухай хуулийн үр дагавар нэг өдөр шууд гарахгүй, тодорхой хугацаа шаардана. Энэ хуулийн, шүүхийн шинэтгэлийг бодитой хэрэгжихэд шүүгчид төдийгүй хүн нэг бүрийн хүчин зүтгэл онцгой хувь нэмэр оруулах шаардлагатай бөгөөд бүх шатны шүүхийн байгууллага, шүүгчид онцгой чухал үүрэгтэй гэдгийг онцолж байгаа юм.

Хууль батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуульд бүрэн нийцэж, шүүгч  хараат бус болон хариуцлагатай байх эрх зүйн орчин улам боловсронгуй болж, улмаар  иргэдийн Монгол Улсын Үндсэн хуульд заасан зөрчигдсөн эрх, эрх чөлөөгөө шүүхээр  хамгаалуулах эрх улам бүр баталгаажиж байна.

ШИНЭ МЭДЭЭ