МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

С.Чинзориг: Отрын малчдаа эргээд ирлээ
Өвөрхангай аймгийн Богд, Төгрөг, Баянгол, Гучин-Ус, Сант, Тарагт сумын олон малчид Өмнөговь аймгийн Цогтцэций суманд отроор өвөлжиж байна.
2021.01.19
Орон нутгийн хөгжил

С.Чинзориг: Отрын малчдаа эргээд ирлээ

УИХ-ын намрын ээлжит чуулган завсарлах ойртсон энэ цаг үед гишүүд завгүй ажиллаж байгаа ч өнгөрсөн амралтын өдрүүдэд /2021.01.17-18/ УИХ-ын гишүүн С.Чинзориг Өмнөговь, Дундговь аймагт ажиллаад иржээ.

Тэрээр Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдоржийн хамт Өмнөговь, Дундговь аймгийн сумдад отроор өвөлжиж байгаа Өвөрхангай аймгийн малчдаа эргэж, Дэлхийн банкны санхүүжилтээр малчин өрх бүрт олгож байгаа хүчит тэжээлийг хүргэлээ.

Өвөрхангай аймагт зуншлага оройтсоноос өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэл үүсч 1900 гаруй малчин өрх 1.0 сая гаруй малтайгаа өөр аймаг сумын нутагт алсын оторт явжээ. Малчдын 70 гаруй хувь нь Өмнөговь аймгийн 13 суманд өвөлжиж байгаа юм. Өвөрхангай аймгийн Богд, Төгрөг, Баянгол, Гучин-Ус, Сант, Тарагт сумын олон малчид Цогтцэций суманд өвөлжиж байна.

Малчдын дийлэнх нь намар эрт нутгаас гарч 300-500 км явж иржээ. Зун багахан орсон борооны хүчинд малын хоолтой байсан ч 12 дугаар сарын сүүлээс цаг агаар эрс хүйтэрсэн нь зун намартаа тарга сайн авч чадаагүй мал осгож малын хорогдол нэлээд гарч байна. Гэхдээ малчдын дийлэнх нь нэгэнт нутагт нь малын хамар хатгах өвсгүй учраас явсан нохой яс зуудгийн үлгэрээр хэдэн малаа туугаад гарсан нь оносон гэж хэлж байсан.

Өмнөговь аймгийн хувьд уул уурхай голлосон нутаг, энэ өвлийн хувьд цас нэлээд орсон учраас малын амны устай ч хавартаа усны асуудал нэлээд хүндэрдэг. Тус аймгийн Засаг дарга Р.Сэддорж Засгийн газрын үүрэг чиглэлийн дагуу отрын малчдыг хөөж туух, элдэв татвар хураамжаар дарамталж зовоолгүй аятай өвөлжүүлэхэд анхаарахыг сумдынхаа удирдлагуудад үүрэг өгч ажиллаж байгаа нь малчдад том дэм болж байна.

С.Чинзориг гишүүн Өвөрхангай аймгаас УИХ-д сонгогдсон Д.Тогтохсүрэн, Г.Ганболд гишүүдийнхээ хамтаар Засгийн газар, Хөдөө аж ахуйн яаманд малчдыг өвөл, хаврыг хохирол багатай давахад дэмжлэг үзүүлэх, отрын малчдад анхаарах хүсэлтийг олон удаа тавьсан.

Хөдөө аж ахуйн яам эхний ээлжинд 400 сая төгрөгийн санхүүжилтийг шийдэж өгсөн бөгөөд түүгээр өвс авч алсын оторт явж чадаагүй нутагтаа үлдсэн малчин өрхүүдэд хүргэхээр төлөвлөжээ.

Мөн УОК-ийн шийдвэрээр улсын нөөцөөс 400 тн өвс үнэгүй, 300 тн тэжээл хөнгөлөлттэй үнээр Өвөрхангай аймагт хуваарилсныг малчдад хүргэх ажлыг орон нутагтай хамтран хийгээд байгаа юм.

Өнгөрсөн жил ган, зудын эрсдэлийг даван туулахад зориулан 1,0 тэрбум төгрөгийг аймгийн төсөвт суулгуулсан. Энэ мөнгө Засгийн газраас өгч байгаа өвс, тэжээлийг малчдад хүргэх, шаардлагатай дэмжлэг туслалцааг сум орон нутагт үзүүлэхэд ихээхэн нэмэр болж байгаа ажээ.

ШИНЭ МЭДЭЭ