МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Монголчууд “Шинэ ерөнхийлөгч”-өө зургадугаар сарын 09-ний өдөр сонгоно
2021.01.25
Улстөр

Монголчууд “Шинэ ерөнхийлөгч”-өө зургадугаар сарын 09-ний өдөр сонгоно

Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу батлагдсан хуулиудын нэг нь 1993 оны 2 дугаар сарын 15-ны өдөр батлагдсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль бөгөөд энэхүү хуулийн дагуу 1993 онд анх удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулж явуулжээ. Түүнээс хойш уг хуульд 7 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Хуулийн анхны хувилбарт ийнхүү зохих өөрчлөлт оруулснаас хойш 1997, 2001, 2005, 2009 онуудад нийтдээ 5 удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг зохион байгуулжээ. 

Харин 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сонгуулийн тухай хууль батлагдсанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн төдийгүй Улсын Их Хурлын, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультай холбоотой бүхий л харилцааг нэгдсэн нэг хуулиар зохицуулах болсон. Сонгуулийн тухай хуулийн дагуу Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулж, мөн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулсан.

Сонгууль болгон өөрийн гэсэн онцлогтой, ялангуяа сонгуулийн зохион байгуулалтын бүхий л үйл ажиллагаа нь тухайн сонгуулийн онцлогт тохирсон хуулийн зохицуулалттай байх шаардлагатай байдаг. Гэтэл эдгээр сонгуулиудыг нэгдсэн нэг хуулиар зохион байгуулж явуулахад учирсан хууль хэрэглээний болоод зохион байгуулалтын хүндрэлтэй нөхцөл байдлууд нь сонгуулийн онцлог харилцааг тусгайлан зохицуулсан, зөвхөн тухайн сонгуульд үүсэж буй харилцааг зохицуулах хуулийн зохицуулалт, тусгайлсан хууль шаардлагатай болсон. 

Тиймээс Монгол Улсын улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын хөгжлийн хурдац, үүнээс үүдэн гарсан нөхцөл байдал, хууль тогтоомжийн чанарыг сайжруулах шаардлага зэргийг харгалзан Ерөнхийлөгчийн сонгуулийн үндсэн зарчим, журмыг улам тодорхой болгох тусгайлсан хууль боловсруулан, 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр УИХ-аас баталсан билээ. 2019 онд баталсан Монгол Улсын Үндсэн хуульд Монгол улсын Ерөнхийлөгчийн  бүрэн эрх 6 жил байхаар тусгасан.

Ингэснээр цаашид 4 жил тутам бус харин 6 жил тутам Ерөнхийлөгчийн сонгууль явагдах юм. Мөн Монгол улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн насны босгыг Үндсэн хуулиар өндөрсгөсөн. Өмнө нь 45 настай иргэн нэр дэвших эрхтэй байсан бол одоо 50 нас хүрсэн иргэн нэр дэших эрхтэй болсон юм. 

Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой зарим онцлох заалтууд, хэлэлцүүлгийн үеэд УИХ-ын гишүүдээс гаргаж байсан санал зэргийг өмнө нь манай редакц бичиж, нийтэлж байсан. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль баталсантай холбоотойгоор сонгуулийн өдийн товыг тогтоож, ашиглах техник хэрэгслийг баталлаа. 

Баталсан  хууль, тогтоолын дагуу 2021 оны 6 дугаар сарын 09-ний лхагва гарагт Монгол улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт явагдана. 

Сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаанд “New Image Cast” санал тоолох төхөөрөмж хэрэглэхээр тогтлоо. 

“Сонгуулийн хар машин” гэх нэртэй энэсанал тоолох төхөөрөмжийг Монгол Улсын Их Хурлаас 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр УИХ-ын сонгуулийн тухай хуулийг баталж, автоматжуулсан системийг хуульчилсанаар анх ашиглаж эхэлсэн. 

Үүний дагуу тус оны 12 дугаар сард АНУ-ын “Dominion Voting” компанийн оптикал-скан технологи бүхий санал авах, тоолох “New Image cast” автомат машиныг сонгуульд ашиглах шийдвэрийг СЕХ-оос гаргасан байна. УИХ-аас санал тоологч автомат машин, төхөөрөмж авахад зориулж 24 тэрбум төгрөг төсөвлөн зарцуулжээ. Ийнхүү 2012 оны 6 дугаар сарын 29-ний өдөр болсон УИХ, НИТХ-ын сонгууийн санал авах, тоолох үйл ажиллагаанаас эхлээд өнөөдрийг хүртэл уг машиныг ашигласаар байгаа юм.  

ШИНЭ МЭДЭЭ