УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.27\ нэгдсэн хуралдааны үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдаар Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Ерөнхий сайдыг томилохтой холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ.
УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн:
"Юуны өмнө Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичиг Алсын хараа-2050 анх санаачлан, гардан зохион байгуулж, УИХ-аар батлуулсан та Ерөнхий сайдад томилогдож байгаа явдалд талархаж байна. Цар тахлын үед ард түмний эрх ашгийн төлөө, үндэсний аюулгүй байдлыг хангах чиглэлд хоёргүй сэтгэлээр онцгой чухал шийдвэр гарган ажилласан У.Хүрэлсүх сайдын багт баяр хүргэж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсэж байна.
Хөгжлийн бодлоготой холбоотой санаа хэлмээр байна.
Засгийн газрын эрхэм үүрэг бол ард түмнээ аюулгүй, тайван орчинд, тэгш дүүрэн амьдрал хангах зорилготой. Монгол Улсын хөгжлийн бодлогын Алсын хараа-2050-ын үндсэн зорилго амьдралын чанарыг дээшлүүлэх хэмээн томъёолсон. Энэ ухагдахуун бол энэ төр, засгийн эрхэм үүрэгтэй шууд холбоотой.
Тэртээх 20-иод онд Данзан гуайн хэлсэн зарчмын нэг үг бий. "Бүгдээрээ баяжигтун" гэж. Хөгжлийн бодлогын зарчим энэ үгтэй адил гэж ойлгогдож байна. Үүний цаана шударга ёсны, гүн агуулгатай эрхэм зорилго бий. Үүнийг та хэроэгжүүлнэ гэж итгэж байна. МАН-ын 2020 оны сонгуульд орсон мөрийн хөтөлбөрийн үндсэн агуулга ч энэ. Тиймээс ард түмэндээ ард түмэндээ амлалтаа биелүүлэх хүнд ачаа таны засгийн газрын нуруунд ирж байна. Амжилттай хэрэгжүүлнэ гэж итгэж байна.
Хөгжлийн бодлогын бас нэг онцгой ач холбогдолтой асуудал бол авто зам. Өнөөдөр автозамын хэвтээ тэнхлэгийн зүүн үзүүрийн цэг 124,5 км ганцаараа хөрш оронтойгоо холбогдоогүй байна. Бусад бүх цэг холбогдсон. Үүнийг холбох замын асуудлыг та шийдэх хэрэгтэй."