УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.29\ хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүдийг танилцуулж байна.
Гишүүд Засгийн газрын гишүүдээс асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ц.Туваан:
"Цар тахлаас сэргийлэх тухай хуулийг УИХ-аар батлуулсан. УОК-ын ажил С.Амарсайхан сайдын нуруун дээр ирлээ. Мөн Эрүүл мэндийн сайд байна. Асуудалд орчин үелэг, шинэдлэг байдлаар ажиллаж, хуулийг мөрдүүлэх чиглэлд анхаарч ажиллаарай.
Сангийн сайд маш сайн томилгоо орж ирсэн байна. Салбараа мэддэг, тогоондоо чанагдсан хүн томилогдох гэж байна.
ХХААХҮ-ын сайд З.Мэндсайхан эргэн томилогдож байна. Төв аймгийн иргэдээс их хүсэлт ирсэн. Баруун урд талын сумдаас ялангуяа өвөлжилт хүндэрч малчид зутарч байна. Зудын зэрэглэлд орохгүй байгаа ч малчдад тусламж, дэмлэг хэрэгтэй байгааг анхаараарай.
Малын генетик нөөцийн тухай хууль батлагдсан. Санхүүжилт байхгүй учраас хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. Ялангуяа малын махаа экспортод гаргах тал дээр салбарын сайд ямар бодлого баримтлах вэ?
БОХХААБХ-д 6 хуулийн төсөл орж ирсэн. Үүн дотор яам байнгын хороотой хамтран ХАА-н цогц бодлогыг гаргах боломжтой болсонд олзуурхаж байна.
Соёлын сайд шинээр томилогдож байна. Уг нь энэ яам байгуулагдсан нь их зүйтэй. Хөдөө орон нутагт соёлын салбарыг хөгжүүлэх, шинэ соёлын төвүүдийг байгуулан ажиллах тал дээр анхаараарай.
Боловсролын яаманд их туршлагатай хүн очлоо. Оюутны сургалтын төлбөртэй холбоотой асуудал их байна. Цар тахлаас болж оюутан сургаж байгаа айл өрх бүр хүнд байдалд орсон. Тиймээс энэ жилийн Боловсролын сан дээр 24,8 тэрбумаас 7,6 тэрбумыг өмнөх гацааг гаргах тал дээр шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг хэрэгжүүлэх шаардлагатай шүү.
Цар тахлын өнөөдөр баталсан хуульд дотуур байрны төлбөртэй холбоотой асуудал орсныг анхаараарай. Засгийн газраас цахилгаан, дулааны үнийг хөнгөлсөн. Энэ хөнгөлөлт хэмнэлтүүдийг гаргана. Үүнийг эцэг эхийн халааснаас гарч байгаа мөнгөнөөс хасах ямар боломж байна гэж харж байна вэ?"