“Парламентын хянан шалгах үйл ажиллагаа” сэдэвт онлайн хэлэлцүүлгийг зохион байгууллаа
2021.02.02
Улстөр

“Парламентын хянан шалгах үйл ажиллагаа” сэдэвт онлайн хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Улсын Их Хурлын Тамгын газар, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Ардчиллын түншлэл, Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнтэй хамтран өнөөдөр (2021.02.02) “Парламентын хянан шалгах үйл ажиллагаа” сэдэвт онлайн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт, Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Н.Алтанхуяг, Ц.Мөнхцэцэг, Ж.Чинбүрэн, Д.Сарангэрэл, Г.Дамдинням, Х.Ганхуяг, Д.Цогтбаатар, С.Ганбаатар, Т.Доржханд, Б.Жаргалмаа, Ж.Батсуурь, УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан болон Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлага, ажилтнууд оролцлоо.

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд парламентын хянан шалгах чиг үүргийг нэмэгдүүлсэн. Үүний дагуу Улсын Их Хурлын даргын 2020 оны 62 дугаар захирамжаар Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Төрийн бодлого урт хугацаанд тогтвортой байх, хууль тогтоомж болон хөгжлийн бодлогын баримт бичгүүдийн хоорондын уялдаа холбоог хангах, баталж байгаа хууль тогтоомжийн чанарыг сайжруулах, амьдралд бодитоор хэрэгжүүлэх, засаглал хоорондын хяналт тэнцлийг хангах, давхардал хийдлийг арилгахад энэ хуулийн төсөл чухал ач холбогдолтой. Өнгөрсөн жилүүдэд парламентаас хууль тогтоох чиг үүрэгт түлхүү анхаарч ирсэн. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд парламент хяналт шалгалтын арга хэрэгслээ боловсронгуй болгож, хяналтын нэгдсэн тогтолцоотойг бүрдүүлэх шаардлагатай” хэмээн онцолсон юм.

Тэрбээр хуулийн төслийн бүтэц, хамрах хүрээг парламентын хяналтын зорилго, зорилт, парламентын хяналтын зарчим, хэлбэрүүд, оролцогч талуудын чиг үүрэг, парламентын хяналтыг хэрэгжүүлэх цаглабар, парламентын хяналтын зохион байгуулалт, түүнд үзүүлэх дэмжлэг, парламентын хяналтын үр дагавар бусад, мэдээллийн сан гэсэн үндсэн 8 зүйлийн хүрээнд боловсруулж байгааг дурдав.

Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан “Парламентын хянан шалгах үйл ажиллагаа” сэдэвт цахим хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулж буй АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн, АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимд талархал илэрхийлсэн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын мэндчилгээг уламжиллаа.

Мөн Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Н.Цогтсайхан Улсын Их Хурал хянан шалгах чиг үүргээ хэрэгжүүлэхэд Тамгын газраас үзүүлж буй мэргэжил, арга зүй зөвлөгөө, туслалцааг сайжруулах чиглэлээр хийгдэж байгаа бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт болон чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хийж байгаа ажлуудын талаар товч танилцуулав.

Хэлэлцүүлэгт АНУ-ын талаас АНУ-ын Конгрессын гишүүн асан Эрик Полсэн,  Батлан хамгаалахын туслах нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч асан Тодд Розэнблум, АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Пол Райаны ахлах зөвлөх асан Марк Эпли нар оролцож “Парламентын хянан шалгах үйл ажиллагааны танилцуулга: Хууль тогтоох байгууллагаас гүйцэтгэх засаглалд тавих хяналт”, “Хянан шалгах хороонд нь парламентын хянан шалгах үйл ажиллагааны арга хэлбэр болох тухай”, “Засгийн газрын тайлан, мэдээг сонсох нь гүйцэтгэх засаглалд хяналт тавьж, хариуцлагыг дээшлүүлэх арга хэлбэр болох тухай” гэсэн үндсэн сэдвүүдээр мэдээлэл өглөө.

Илтгэгчдийн мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд парламентаас хяналт шалгалт явуулах шийдвэрийг гаргах явц, Хянан шалгах хорооны үйл ажиллагааны чиглэл, эрх хэмжээ, хориглох зүйлс, түүнд тавих цөөнхийн болон албан бус лобби бүлгийн хяналт, парламентын Тамгын газрын үүрэг оролцооны талаар асуулт асууж, хариулт авсан юм.

Хэлэлцүүлгийг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь” төслийн дэмжлэгтэйгээр зохион байгуулав.

Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэн, Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн хамтран цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулахаар төлөвлөж байгаагийн эхнийх нь “Парламентын хянан шалгах үйл ажиллагаа” сэдвээр өрнөсөн бол цаашид “Хуулийн төсөл боловсруулах нь”, “Хууль тогтоох үйл ажиллагаанд төлөөллийг хангах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” гэсэн сэдвийн хүрээнд үргэлжилнэ.

ШИНЭ МЭДЭЭ