МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.02.05
Эдийн засаг, Худалдаа

Намрын ээлжит чуулганы хугацаанд 36 асуудал хэлэлцэж, нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэн шийдвэрлүүллээ

лсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос өнөөдөр (2021.02.05) хэвлэлийн хурал хийлгэж, Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Хэвлэлийн хуралд Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Г.Амартүвшин нар оролцов.

Эдийн засгийн байнгын хороо Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 2021 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд,  Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд, Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай нийт 3 хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд, Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төсөл, Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлболон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд,

Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Төрөөс мөнгөний бодлогын талаар  2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг тус тус хэлэлцэж, байнгын хорооны санал дүгнэлт, саналын томьёоллыг бэлтгэн холбогдох байнгын хороо, нэгдсэн чуулганд танилцуулж, хэлэлцүүлсэн талаар Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар мэдээллийнхээ эхэнд онцлов.

Түүнчлэн ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн хэлэлцээрийн төсөл, Монгол Улс, Олон Улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Монгол Улсад Ковид-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийн нэмэлт Санхүүжилтийн хэлэлцээр зэрэг 2 олон улсын гэрээ, хэлэлцээрийн төслийн зөвшилцөх эсэх асуудлыг хэлэлцсэн байна. 

Байнгын хороогоор хэлэлцэн, батлуулсан онцлох хууль,тогтоол

 Эдийн засгийн байнгын хороо Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хэлэлцэн батлуулсан онцлох хууль, тогтоолын талаар Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар үргэлжлүүлэн мэдээлэл өгөв. Тухайлбал, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар банк санхүүгийн салбарт маш том шинэчлэл эхэлж буй бөгөөд энэ хуульд зааснаар өнөөдрийн байдлаар банкны үйл ажиллагаа эрхэлж байгаа банк 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор хуулийн дагуу компанийн хэлбэрээ өөрчилж, банкны системд нөлөө бүхий банк нь нээлттэй хувьцаат компани, бусад банк нь хувьцаат компани хэлбэртэй байхаар зохицуулалтуудыг тусгаж өгсөн.

Ингэхдээ жижиг хувьцаа эзэмшигчид, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах үүднээс банкны хувьцаа эзэмших аливаа этгээд, түүний холбогдох этгээдийн хувьд банкны нийт саналын эрхтэй хувьцааны хувь хэмжээ 20 хувиас хэтрэхгүй байхаар тусгасан байна. Ингэснээр банкны хувьцаа эзэмшлийн хэт төвлөрлийг бууруулж, өмчлөл-удирдлага-хяналтын тэнцвэрт байдлыг бүрдүүлэх юм. Ингэж удирдлагын хэт төвлөрлийг бууруулснаар эрсдэл буурна, эрсдэл буурснаар зээлийн хүү буурч, хадгаламж баталгаажиж, банкны үйл ажиллагаа тунгалагжина гэж Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар онцлов. 

 Түүнчлэн, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их  Хурлын тогтоолоор хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг 2021-2023 онд +/-2 нэгж хувийн интервалд 6 хувийн орчимд тогтворжуулах, банкны системийн эрсдэлээс сэргийлэх, санхүүгийн зуучлалыг хэвийн үргэлжлүүлэхэд чиглэсэн макро зохистой бодлогыг мөнгөний бодлоготой хослуулан хэрэгжүүлэх, мөчлөг сөрсөн арга хэрэгслийг ашиглан банкны салбарт учирч болзошгүй сөрөг нөлөөг бууруулж, банкны эрсдэл даах чадварыг хадгалах, үндэсний төлбөрийн системийн эрх зүйн орчныг сайжруулах замаар шинэ технологид суурилсан санхүүгийн үйлчилгээг дэмжиж, хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх зэрэг бодлого, чиглэлүүдийг тодорхойлжээ. 

 Мөн Монгол Улсын Их Хурлын даргын 2020 оны 48 дугаар захирамжаар “Эдийн засаг, санхүүгийн зах зээлд үүссэн нөхцөл байдалтай уялдуулан цар тахлын хүндрэлтэй үед эдийн засаг, санхүүгийн салбарыг сэргээх, санхүүгийн болон эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ, хууль, Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг”-ийг байгуулсан бөгөөд тус Ажлын хэсгийг Байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар ахлан ажиллаж Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яам болон холбогдох эрдэмтэн, судлаачдыг оролцуулан Ажлын хэсгийн өргөтгөсөн хуралдааныг 3 удаа зохион байгуулж, холбогдох байгууллагад үүрэг, чиглэл өгч, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Улсын Их хурлын шийдвэрийн төсөл боловсруулахаар зорин ажиллаж байгаа талаар Байнгын хорооны дарга мэдээллээ. 

Байнгын хорооноос намрын чуулганы хугацаанд хийсэн ажлын тоон үзүүлэлт

    Намрын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хороо дангаараа 11 удаа хуралдаж,  бусад байнгын хороодтой хамтарсан 3 удаагийн хуралдаан зохион байгууллаа. Хуулийн төсөл хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгүүд 30 гаруй удаагийн хуралдааныг зохион байгуулж, давхардсан тоогоор 36 асуудал хэлэлцэн, тэдгээр асуудлаар нийтдээ 22 санал, дүгнэлт, танилцуулга бэлтгэн гаргаж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлсэн байна. 

Хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, тогтоолын төслийн талаар

 Байнгын хорооны анхны хэлэлцүүлгийн шатанд хүлээгдэж байгаа нийт 15 хууль, тогтоолын төсөл байгаа бөгөөд эдгээр хууль, тогтоолын төслийг чуулган, байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэлхангах чиглэлээр 15 ажлын хэсгийг шинээр болон шинэчлэн байгууланажиллуулж байна. Тухайлбал, Хөрөнгө оруулалтын банкны тухайхуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан, Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Зөвшөөрлийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Хоршооны тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг нар ажилласан.

Төмөр замын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг тус тус ахлан ажиллаж байна. Эдгээр ажлын хэсгүүд нь чуулганы завсарлагааны хугацаанд тогтмол хуралдаж, хуулийн төслүүдийг 2021 оны хаврын ээлжит чуулган эхлэхэд байнгын хорооны хуралдаанаар анхны хэлэлцүүлэгт оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа талаар Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар мэдээлэлдээ дурьдлаа. 

 Үргэлжлүүлэн Хэвлэлийн бага хуралд оролцсон Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа Валютын зохицуулалтын тухай хуулийн төсөл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн бол Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. 

Төгсгөлд нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар хариулт өгснөөр хэвлэлийн хурал өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

ШИНЭ МЭДЭЭ