НҮБ-ын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон эрүүгийн эрх зүйн тогтолцооны XIV их хурал боллоо
2021.03.09
Гадаад харилцаа

НҮБ-ын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон эрүүгийн эрх зүйн тогтолцооны XIV их хурал боллоо

НҮБ-ын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон эрүүгийн эрх зүйн тогтолцооны XIV их хуралд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар оролцлоо.

1955 онд Швейцарын Холбооны Улсын Женев хотноо “Эрүүгийн эрх зүй, эрүүгийн хариуцлага, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сэдэвт НҮБ-ын Анхдугаар Их Хурал хуралдсанаас хойш 5 жил тутамд зохион байгуулагдаж ирсэн.

Тус Их Хурлаас олон улсын болон үндэсний хэмжээнд хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх, тогтвортой хөгжлийг дэмжих, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрүүгийн шинэчлэлийн иж бүрэн бодлого, стратегийг тодорхойлох шийдвэрүүдийг гаргаж байсан.

2015 онд “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрүүгийн шүүхийн асуудлаарх XIII Их Хурал” Катарын нийслэл Доха хотноо зохиогдсон. Энэ үеэр олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх, бүс нутгийн хэмжээнд энэ төрлийн гэмт хэргийн эсрэг авах хариу арга хэмжээг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэж чухал шийдвэрийг гаргасан байдаг.

Энэ удаагийн “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Эрүүгийн эрх зүйн тогтолцооны НҮБ-ын XIV Их хурал”-ын Дээд түвшний уулзалт 2021 оны 03 дугаар сарын 07-09ны өдрүүдэд Япон Улсын Киото хотод зохион байгуулагдаж байна.

Дээд түвшний уулзалтад Дээд түвшний уулзалтад Засгийн газрын тэргүүний түвшинд 2 улс, Засгийн газрын сайдын түвшинд 82 улс, бусад өндөр дээд түвшинд 17 улс оролцож байгаагаас Монгол Улсыг төлөөлж Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар цахимаар оролцож, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон эрүүгийн эрх зүйн шинэтгэлийн бодлогын талаар танилцуулж, үг хэллээ. Энэхүү Их хуралд Монгол Улсын Ерөнхий Прокурор болон албаны хүмүүс оролцож байна.

Их Хурлын Даргаар Япон Улсын Хууль зүйн сайд Ёоко Камикава ажиллаж байгаа бөгөөд Их Хурлын үеэр оролцогч улсуудын төлөөллөөс 24 Дэд даргыг сонгож, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ирэх таван жилд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, 2040 он хүртэлх бодлогын баримт бичиг болон Киотогийн тунхаглалыг батлах юм.

ШИНЭ МЭДЭЭ