УИХ-ын гишүүн Ц.Туваан Барилга, хот байгуулалтын сайд албан бичиг хүргүүллээ
2021.03.24
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

УИХ-ын гишүүн Ц.Туваан Барилга, хот байгуулалтын сайд албан бичиг хүргүүллээ

УИХ-ын гишүүн Ц.Туваан Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатарт Мэдээлэл хүсэх тухай албан бичиг илгээжээ.

Ойрын өдрүүдэд Төв аймгийн Сэргэлэн сумын газар нутгаас улсын тусгай хэрэгцээнд газар авахтай холбоотой асуудлаар иргэдээс олон санал хүсэлт Ц.Туваан гишүүнд иржээ.

Төв амйгийн сумдад бэлчээр хомсдож, хөрсний доройтол нүүрлэхэд ойрхон байгаа тул бэлчээрийн, газар тариалангийн газар нутгаас олон га-аар нь тусгай хэрэгцээнд өгөх нь хүндрэлтэй байна. Тиймээс дээрх асуудлаар салбар сайдаас мэдээлэл хүссэн нь энэ аж. Олон иргэн, аж ахуйн нэгжийн асуудал хөндөгдөж байгаа тул тооцоо судалгаатай, хариуцах эзэнтэй хариу өгөхийг тэрээр хүсчээ.

Уг албан бичигт:

Мэдээлэл хүсэх тухай

Миний нэр дээр Төв аймгийн Сэргэлэн сумын иргэдээс сумын эзэмшил газар нутгаас танай яам “Богдхан уулын төмөр зам” нэрээр улсын тусгай хэрэгцээнд 21585.49 га талбайг авахаар төлөвлөж, хамаарагдах газрын талбайн зураг нь гарсан талаар мэдээлэл ирүүлээд байна.

Төв аймаг бол Улаанбаатар хотыг бүслэн байрладаг, хотын хүн амын хүнсний хэрэгцээг хангах газар тариалан, мал аж ахуй, хүнсний ногоо тариалалтын гол бүс нутаг билээ. Сүүлийн жилүүдэд малын тоо толгой өсч, байгаль цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан бэлчээрийн дортойтол нүүрлэж буй бөгөөд манай урд талын болон баруун урд талын сумдад отрын малчид ч нилээдгүй ирж малын бэлчээр хомсдсоор байна. 2020 онд гэхэд Сэргэлэн сумын газар нутаг дээр малын урьчилсан тооллогоор 168.6 мянган мал тоолуулж, отрын 6000 гаруй мал өвөлжөөд байна. Сэргэлэн сумын нийт нутаг дэвсгэрийн хэмжээ 380 мянган га бөгөөд одоогоор тусгай хэрэгцээнд 36 мянган га газар байгаа ба Нэмж 22 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд өгвөл тариалан эрхлэгчид, мал бүхий иргэдэд бэлчээрийн хомсдол үүсэх бодит аюул нүүрлэх юм.

Иймд “Богдхан уулын төмөр зам” төслийн хүрээнд Төв аймгийн Сэргэлэн сумын газар нутагт тусгай хэрэгцээнд авахаар төлөвлөж буй 22 мянган га газрын хэмжээг ямар үндэслэлээр тогтоосон талаар, төслийн хүрээнд тусгай хэрэгцээнд зориулан газар авахдаа газрын хэмжээг багасгах боломж бий эсэх талаар, тухайн сумын хэдэн иргэн, аж ахуйн нэгжийн өмчлөн авсан болон ашиглаж буй газар хамрагдаж буй талаар, “Богдхан уулын төмөр зам төсөл” хэзээнээс хэрэгжиж тэдэнд олгох нөхөн олговор холбогдох зохион байгуулалт арга хэмжээний талаар тодорхой мэдээллийг яаралтай ирүүлэхийг Танаас хүсье.

УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Ц.ТУВААН

гэсэн байна. 

ШИНЭ МЭДЭЭ