МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Даян дэлхий ногоон хөгжлийн институт, Монгол Улсын Засгийн газар хооронд хэлэлцээр байгуулна
2021.03.19
Гадаад харилцаа

Даян дэлхий ногоон хөгжлийн институт, Монгол Улсын Засгийн газар хооронд хэлэлцээр байгуулна

Монгол Улсын Засгийн газраас “Даян дэлхийн ногоон хөгжлийн институтийн эрх зүйн статус, эрх ямба, дархан эрхийн тухай Монгол Улсын Засгийн газар болон Даян дэлхий ногоон хөгжлийн институт хоорондын хэлэлцээр”-ийн тухай төслийг өнөөдөр /2021.03.19/ өргөн барилаа. 

Даян дэлхийн ногоон хөгжлийн институт нь (ДДНХИ) нь 2012 онд НҮБ-ын Рио +20 чуулганы үеэр 16 улсын санаачилгаар албан ёсоор байгуулагдаж өнгөрсөн 8 жилийн хугацаанд нийт 37 улс гишүүн байгууллагаар элсээд байна.

ДДHХИ нь олон улсын засгийн газар хоорондын байгууллага бөгөөд хөгжиж буй орнуудад хүртээмжтэй, тогтвортой, ногоон эдийн засгийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор гишүүн орнуудад уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг амлалтууд болон Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажилладаг.

Уг зорилгын хүрээнд:
  1. Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах,
  2. ногоон ажлын байр бий болгох
  3. тогтвортой үйлчилгээ хүртэх боломжийг нэмэгдүүлэх буюу хямд, цэвэр эрчим хүчний хүртээмж, тогтвортой нийтийн тээвэр, сайжруулсан ариун цэврийн байгууламж, хог хаягдлын менежмент гэх мэт
  4. агаарын чанарыг сайжруулах
  5. экосистемийн үйлчилгээний зохистой хангамж
  6. уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох зэрэг үндсэн 6 чиглэлээр үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

Монгол Улс 2013 онд тус байгууллагын гишүүн улсын хэлэлцээрт гарын үсэг зуран 2014 онд үүсгэн байгуулах гэрээг баталсан. Улмаар Хөтөлбөрийн газар нь Монгол Улсын Гадаад хэргийн яамны 2014 оны 6 дугаар сарын 20-ны А/1.4-873). тоот зөвшөөрлөөр Монгол Улсад үйл ажиллагаагаа эхэлсэн болно.

ДДНХИ-ийн санхүүжилтээр Монгол Улсад 2014 оноос 7 сая орчим ам.долларын ногоон хот байгуулалт, ногоон эдийн засаг, тогтвортой эрчим хүчний үүсвэрийг дэмжих чиглэлийн төслүүдийг БОАЖЯ, ЭХЯ, БХБЯ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран хэрэгжүүлж ирсэн.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам тус институттай хамтран ажиллах санамж бичгийг статус болон хамрах хүрээний үндэслэлээр өөрчлөлт оруулж ирсэн бөгөөд хамгийн сүүлд 2019 оны 10 дугаар сард шинэчлэн байгуулсан Санамж бичгийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Монгол Улс гишүүн орны хувьд ДДНХИ-ийн эрх зүйн статус, эрх ямба, дархан эрхийг зохицуулах хүрээнд хоёр талт олон улсын гэрээ болох Монгол Улсын Засгийн газартай хэлэлцээр байгуулах саналыг тавьснаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам бусад холбогдох байгууллагуудтай хамтран судлан энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, Олон улсын гэрээний тухай хуулийн дагуу гарын үсэг зурах эрхийг холбогдох албан тушаалтанд олгох, цаашид уг гэрээг соёрхон батлуулахаар бэлтгэв.

Талууд хэлэлцээрийн төслийг 2020 оны 06 дугаар сард эцэслэн тохиролцсон ба Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхтэй холбоотой хэлэлцээрийн төсөлд Батлан хамгаалах яамнаас ирүүлсэн саналыг тусгасан хувилбарыг ДДНХИ-ийн талд уламжлан 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр цахимаар харилцан тохиролцсон.

ДДНХИ нь өөрийн санхүүжилтээр ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж, НҮБ ын Тогтвортой хөгжлийн зорилтуудын дагуу гишүүн улсуудын Засгийн газрын хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажилладаг бөгөөд ямар нэгэн хэлбэрээр урт богино хугацааны зээл олгох зэрэг үйл ажиллагаа эрхэлдэггүй.

Уг хэлэлцээрийг Засгийн газартай байгуулснаар олон улсын засгийн байгууллагын хувьд эдлэх эрх үүрэг, дархан эрх, халдашгүй байдал болон бусад хөнгөлөлт, татварын чөлөөлөлт зэрэг асуудлаарх эрх зүйн статусаа баталгаажих үндэс болно. Ингэснээр Монгол Улсад хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, үйл ажиллагааг өргөжүүлж, санхүүжилтийг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.

ШИНЭ МЭДЭЭ